М.Лхагва арслангийн нэрэмжит барилдаанд хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-20 10:30:33

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ.


Харин Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай үзүүрлэв.


Дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүлд спорт хороо, Увснуур дэвжээний бөх, улсын дархан аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.

Наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Э.Даш, улсын начин Х.Цогтгэрэл нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх 12 сая, үзүүр бөх 7 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал, супер азтан автомашин гардуулсан юм.


Дараагийн барилдаан энэ сарын 26-нд нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжлэх аж.


Д.Алтанцоож энэ улирлын гурав дахь түрүүгээ хүртлээ. Ингэхдээ хоёрыг нь аймаг, цэргийн цолтны барилдаанаас авсан бол улсын цолтнууд зодоглосон барилдаан 2024-2025 оны улиралд анх удаа түрүүлсэн нь энэ.




相关新闻