“Эрдэм номын чуулган-2025” ном хандивлах ёслол болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол Улсын ШУА хамтран "Эрдэм номын чуулган- 2025" ном хандивлах ёслолыг энэ сарын 22-нд зохион байгууллаа.
ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд Үндэсний номын сангийн сан хөмрөгт өмнөх жилдээ эрхлэн хэвлүүлсэн ном бүтээлээ хандивлаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ уншигч, судлаачдын гарт хүргэдэг уламжлалтай.
Энэхүү ном хандивлах ёслол нь долоо дахь жилдээ болж буй бөгөөд одоогоор нийтдээ 1600 гаруй ном, хэвлэлийг хандивлаад байна.
Энэ жилийн хувьд “Эрдэмтний өв” болон ШУА-ийн
ахмад эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн
шинжлэх ухааны доктор /Sc.D/ Ойдовын Адъяа хувийнхаа номын сангийн 800 гаруй
номыг бүхэлд нь Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлан хүлээлгэж өгч буйгаараа
онцлогтой юм.
"Эрдэм номын чуулган-2025" ном
хандивлах ёслолын үеэр ШУА-иас хандивласан болон эрдэмтэн, доктор /Sc.D/
О.Адьяагийн номын сангийн номоор үзэсгэлэн, “Дэлхийн номын өдөр”-ийн номын
үзэсгэлэн, “Дэлхийн ном бичигт Монголчуудын оруулсан хувь нэмэр” номын
үзэсгэлэнг дэлгэж уншигч, олон нийтэд толилуулах аж.