Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-23 17:59:50

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран дэлхийн цомд оролцох эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлтээ хийж, эхний өргийн тоглолт боллоо.


Монгол Улсад зургаан жилийн дараа хоёр дахь удаагаа болж буй уг тэмцээнд Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз, Индонез гэсэн долоон орны 110 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байна. Манай улсаас нээлттэй ангилалд 42, эмэгтэйчүүдэд 48 шатарчин оролцож байгаа бол гаднын орноос 21 шатарчин оюун ухаанаа сорихоор бүртгүүлжээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Азийн бүсийн тэмцээний нээлттэй ангилалд эхний хоёр байрт, эмэгтэйчүүдээс түрүүлсэн шатарчид 2025 оны ФИДЕ дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авахаараа онцлогтой.


Тэмцээний нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Индонезын парламентын гишүүн, Азийн шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн 3.3 бүсийн ерөнхийлөгч, супер их мастер Адианто Утут, Ази тивээс төрсөн анхны их мастер, Филиппиний шатарчин Торре Эугенио, Олон улсын шүүгч КК Чан, Майкл Жосеф Пагаран, Генкисваран Муниан, БНСВУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань, Филиппинээс Монголд суух өргөмжит консул С.Энхзул тэргүүтэй хүндэт зочид, төлөөлөгчид оролцов.


Тэмцээнийг нээж Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар үг хэлэхдээ, “Энэ тэмцээнийг манай улс хоёр дахь удаагаа хүлээн авч буйгаараа онцлогтой. Хамгийн гол нь дэлхийн цомд оролцох эрх авахын төлөө Монголын тамирчид эх орондоо өрсөлдөж буйгаараа давуу талтай болж байна. Энэ спорт манай улсад эрчимтэй хөгжиж байгаа. Саяхан гэхэд сурагчдын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн манай хоёр шатарчин энэ тэмцээнд оролцлоо. Индонезийн их мастер, Азийн 3.3 бүсийн ерөнхийлөгчтэй уулзахад манай улс 283 сая хүнтэй атлаа наймхан их мастертай. Гэтэл танайх 3.4 сая хүн амтай хэрнээ 15 их мастер цолтон төржээ. Энэ бол танай улсад шатрын спорт эрчимтэй хөгжиж, ямар их ирээдүй байгааг харууллаа гэж байна” гэв.


Тэгвэл манай улсад ирсэн Сингапурын их мастер Тин Жингъяо “Өмнөх тэмцээнээс дэлхийн цомд оролцох эрх авч чадаагүй. Тиймээс энэ удаад заавал эрх авах зорилготой ирлээ. Монголын шатарчдаас эхлээд хүчтэй өрсөлдөгч олон байна. Өөрийгөө бүх талаараа дайчилж, эрх авахын төлөө хичээх болно” гэсэн бол 2023 оны Азийн 3.3 бүсийн тэмцээний аварга их мастер С.Билгүүн “Эх орондоо аварга цолоо хамгаалах гэж байгаадаа баяртай байна. Багагүй судалгаа хийсэн. Манай улсад болж байгаа энэ тэмцээнийг чансаагаар Сингапурын хоёр их мастер тэргүүлж байгаа. Гэхдээ надад сандарч, тэвдсэн зүйл алга. Сингапурын их мастер Тин Жингъяог би 2023 оны Азийн 3.3 бүсийн тэмцээнд түрүүлэхдээ зургаадугаар өрөгт хожиж байсан. Тиймээс өөртөө маш их итгэлтэй байгаа. Дэлхийн цомд оролцох хоёр эрхийн нэгийг авах, цаашлаад энэ тэмцээний хошой аварга болохын төлөө хичээнэ” хэмээн ярилаа.


Түүх сөхвөл, Азийн бүсийн тэмцээн нь Монголын шатрын спортын түүхэнд үе, үеийн шатарчдыг холбосон баялаг түүхтэй юм. Одоогоос 65 жилийн Энэтхэгт болсон бүс хоорондын тэмцээнд гавьяат багш С.Мөөмөө гуравдугаар байр эзэлж байсан бол 1966 онд Монгол олон улсын мастер Л.Мягмарсүрэн Монголын шатарчдаас анх удаа энэхүү тэмцээнд түрүүлсэн юм. Тэгвэл 1969 онд түүний үзүүлсэн амжилтыг Монголоос төрсөн анхны олон улсын мастер Т.Үйтүмэн давтсан түүхтэй. Мөн 1972 онд олон улсын мастер С.Хандсүрэн Монголын эмэгтэй шатарчдаас анх удаа түрүүлсэн. Энэ амжилтаараа тэр манай улсаас төрсөн анхны эмэгтэй олон улсын мастер болж байлаа. Харин орчин цагийн шатар хөгжингүй болсон энэ цаг үетэй зэрэгцэн 2023 онд Азийн 3.3 бүсийн тэмцээнд их мастер С.Билгүүн тэргүүлснээр Монгол Улсад 54 жилийн дараа аварга цолыг түүчээлсэн билээ. 































相关新闻