ЗАВХАН: Бор хярын элс хүрээгээ тэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ургамал, Эрдэнэхайрхан,
Сантмаргаз, Яруу сумуудын нутагт орших Бор хярын элс хүрээгээ тэлж Хар нуурын ус ширгэх аюултай байна.
АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулаас авсан зурагт Монгол улсын Завхан аймгийн баруун урд хэсэгт орших 200км үргэлжлэх Бор хярын элсэн манхан хүрээгээ тэлж эхэлсэн нь тод харагджээ.
Манхан зүүн тийш Хяргас
нуур, баруун тийш Тэлмэн нуурыг чиглэн сунаж байгаа юм байна. Ингэхдээ Хар
нуурыг дайран өнгөрч байгаа тул нуурын ус ширгэх аюул тулгарч байгааг
судлаачид тэмдэглэжээ. Хар нуур нь Их нууруудын хотгорт оршдог бөгөөд 36км урт
юм.
Бор хярын элсэн манхан нь Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн Хүнгийн голыг даган хөвөөлдөг бөгөөд Баруун Монгол, Зүүн Монгол хэмээх хоёр ихэр уулын өмнө талд оршдог.
Элсэн манхны нийт урт 180 орчим километр үргэлжлэх бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойгуур гарч Яруу сумын нутаг хүртэл тэлнэ.
Тус элсэн манхныг хөндлөн гарсан Монгол хотгор, Олгой, Цэцний сүв
гэж байдаг. Элсэн манхны
хөндлөн өргөн нь 15 километр, нийт талбай нь 1500 гаруй хавтгай дөрвөлжин километр.
Бяр хярын элс нь далайн төвшнөөс дээш 450 метр өндөр бөгөөд дагтаршиж
нягтаршсан элс юм. Элсний өмнө этгээдээс Мухартын гол эх авч урсдаг.
Монгол Улсын
агаарын дундаж температур сүүлийн 80 жилийн хугацаанд 2.26 цельсээр нэмэгдсэн
нь манай улсыг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нэрвэгдсэн орнуудын нэг
болгож байгаа юм. Энэхүү нэмэгдэж байгаа температур нь эдийн засгийн гол
түлхүүр болох хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйд ноцтой нөлөө үзүүлсээр
байгаа нь чухалчилж анхаарах шаардлагатай асуудал болсныг тодоор харуулж байна.
Мухартын гол
нь Бор хярын элсний өмнөөс эх авч
урсдаг. Зах эргээрээ бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу
зэрэг жимс жимсгэнэ ургадаг байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий баян бүрд юм.
Энэхүү байгалийн онцлогийг харгалзан биологийн ухааны доктор Х.Отгонбилэг чацарганын
бут тариалсан нь үр дүнгээ өгч тус жимсгэнийн шугуй улам өнгө нэмж байгаа ажээ.
Хүнгийн гол нь Завхан аймгийн Бор хярын элсэн манхнаас эх авч Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсаж Айраг нуурт цутгадаг. Урт нь 200 километр. Эрт цагт их хулсан шугуй бүхий гол байсан гэж тэмдэглэгдсэн байдаг.
Бор хярын элснээс эх аван урсах Мухартын гол
Бор хярын элснээс эх аван урсах Хүнгийн гол
Завханмандал сум, Хүнгий гол, алсад Бор хярын элсэн манхан