Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны яамны дэргэдэх Дипломат академид зочиллоо.
Энэ үеэр Дипломат академийн захирал, Элчин сайд Сесилиа Роблес Картес академийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат ажилтнуудын чадавхыг шинэ тутам өөрчлөгдөж буй олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан сайжруулах, испани хэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зэргээр тус академитай хамтран ажиллахаар тохиролцлоо. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дипломат академид зочлох үеэрээ тус академид олон улсын харилцааны магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад Монгол Улсын гадаад бодлого, түүний тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны талаар лекц уншлаа.
Испанийн Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны яамны дэргэдэх Дипломатын сургууль /академи гэх/ нь 1942 онд Мадрид хотноо байгуулагдсан. Олон улсын харилцааны магистрын хөтөлбөрийг Испанийн их, дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлж, олон улсын хууль, олон улсын харилцааны чиглэлээр дипломат төрийн албан хаагч мэргэжилтэн бэлтгэдэг. Тус сургууль нь гадаад харилцаа, дипломатын чиглэлийн сургалтаас гадна Европын холбоо, протокол, ислам, хүний эрхийн чиглэлийн сургалтуудыг мөн явуулдаг.
Испанийн хаан Гадаад хэргийн сайдын хамт тус сургуулийн жил бүрийн хичээлийн нээлтийн үйл ажиллагаанд оролцдог гэж ГХЯ-наас мэдээллээ.