ДЭМБ: 2030 он гэхэд дэлхий даяар 4.1 сая сувилагч дутагдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ, 2025 оны тавдугаар сарын 13 /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн салбарт сувилахуйн боловсон хүчний хомсдол жилээс жилд буурч байгаа бөгөөд 2030 он гэхэд тус салбарт 4.1 сая орчим ажиллах хүчин дутагдах төлөвтэй байна. Ийм таамаглалыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Олон улсын сувилагчдын зөвлөлөөс (ОУСЗ) түнш байгууллагуудтай хамтран гаргасан тайланд дэвшүүлжээ.
Тайланд дурдсанаар, дэлхий даяар сувилагчдын тоо 2018 онд 27.9 сая байсан бол 2023 онд 29.8 сая болж нэмэгджээ. Сувилахуйн салбарын боловсон хүчний хомсдол 2020 онд 6.2 сая байсан бол 2023 онд 5.8 сая болж буурсан бөгөөд 2030 он гэхэд 4.1 сая болох төлөвтэй байна.
"Сувилагчдын тоо дэлхийн хэмжээнд нэмэгдэж байгаа боловч зарим улсад сувилагч маш ихээр дутагдсан хэвээр байгааг" мэргэжилтнүүд онцлоод сувилагчдын 78 орчим хувь нь "дэлхийн хүн амын 49 хувийг бүрдүүлдэг улс орнуудад ажиллаж байгаа" гэдгийг дурджээ.
“Бага, дунд орлоготой улс орнуудад сувилагчдыг сургах, ажилд авах, тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэл бэрхшээл тулгарсаар байна. Иймээс эдгээр улс орон ажлын байр бий болгож, хадгалахын тулд дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн сувилахуйн салбарын мэргэжилтнүүдийн хүрэлцээ тэгш бус байгаа нь “хүн бүрд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж тайланд дурдсан байна.
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийтэлсэн уг тайланд сувилагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, мөн хүйсийн тэгш байдлыг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэхийг улс орнуудад уриалсан байна.