Гурван байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-16 16:18:32

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна.


Одоогийн байдлаар есөн байршилд аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж гурван байршилд явган хүний зам засварын ажлыг эхлүүлжээ. Мөн үлдсэн зургаан байршилд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа аж.


Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх ажлыг “Бадрах инженеринг” компани гүйцэтгэж байна. Ажлын явцын талаар тухайн компанийн Талбайн инженер Э.Энхтүвшин ярихдаа, “Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй. Мөн уг чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэй дөрвөн метр өргөн хийхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг 5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хийж байгаа” гэв.


Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл 11.6 км урт явган хүний замыг дөрвөн багц ажилд хуваан нээлттэй тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. 

相关新闻