“Улаанбаатар марафон-2025” уралдаанд 17 мянга гаруй оролцогч бүртгүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-19 17:11:30

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон-2025” уралдааны бүртгэл маргааш дуусна.


Энэхүү уралдаанд өнөөдрийн байдлаар 17.744 оролцогч бүртгүүлээд байна. Үүнээс хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд 2951 оролцогч бүртгүүлжээ. Тэгвэл эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т хамгийн олон буюу 10 мянга гаруй, 10 км-ийн зайд 2369 оролцогч  бүртгүүлсэн байна.


Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34, 35-54, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангилалд 1930 оролцогч, бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангилалд  280 оролцогч бүртгүүлжээ.


21 км болон 42 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг Спортын төв ордон болон Хангарди ордонд өнөөдрөөс олгож эхэлж байгаа аж. Мөн нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир спортын хороодын байранд 1.5 км болон 5 км-т бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгож байна.


“Улаанбаатар марафон-2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.

-Спортын төв ордны 1 давхарт

-Сүхбаатарын талбайн том асар

-Нийслэлийн Хангарди ордон ХУД


“Улаанбаатар марафон-2025” уралдаан энэ сарын 24-нд болно. 


 

相关新闻