Энэтхэгийн Засгийн газрын төлөөлөгчид Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-05-20 12:06:14

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын төлөөлөгчид энэ сарын 12-15-нд Монгол Улсад айлчилж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцлаа.


Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Тусгай нарийн бичгийн дарга бөгөөд Санхүүгийн зөвлөх Анураг Агарвал тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Газрын тос, байгалийн хийн яамны удирдах албан тушаалтнууд, Инженерс Индиа Лимитед компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал, Экспорт импортын банкны Гүйцэтгэх захирал нар багтсан байна.


Төлөөлөгчид энэ сарын 14-нд бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцаж, "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, барилгын компаниудын удирдлага болон Инженерс Индиа Лимитед”, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн инженерүүдтэй хянан хэлэлцэх уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр төслийн эхний багц ажил буюу EPC-I хэдийн дуусаж, ашиглалтад орсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзсан аж.


Түүнчлэн төлөөлөгчид энэ сарын 15-нд Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нартай уулзаж, Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүд болон хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцсон байна. Талууд төслийг заасан хугацаанд нь ашиглалтад оруулахад хүчин чармайлт гарган, бүхий л талаар дэмжиж ажиллахаа харилцан нотлов. Мөн өдөр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нартай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар харилцан ярилцсан аж


Уулзалтын үеэр Монголын талаас Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд БНЭУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлсэн бол Энэтхэгийн тал айлчлалын үеэр төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлэв.






相关新闻