Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллага энэ онд “Алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх” зорилт дэвшүүлээд байна.
Иймд ГБХНХЯ-тай хамтран алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх санал боловсруулах, зөвлөн туслахаар улсын үзлэгийг зохион байгууллаа. Үзлэгийн дүнд үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
ГБХНХЯ-ны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн улсын байцаагч нар ОБЕГ-ын харьяа 152 газар, хэлтэс, анги, салбарт үзлэг хийхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ажлын байрны нөхцөл, аюулыг тогтоох, үнэлэх, багасгах, тусгай сургалт, зааварчилгаа, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл, эрүүл мэндийн үзлэг, алба хаагчдын амь нас, гэнэтийн ослын даатгалын чиглэлээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг үнэлжээ.