"Нисэх хүчний 100 жил" шуудангийн маркийг худалдаанд гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-20 15:43:55

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монгол шуудан” ХК хамтран “Монгол Улсын нисэх хүчний 100 жил” шуудангийн шинэ маркийг худалдаанд гаргалаа.


ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн "Ю-13" онгоц 1925 оны энэ өдөр манай нутаг дэвсгэрт газардсан түүхтэй. Энэ ойг тохиолдуулан Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Ц.Нямхүүгийн бүтээсэн нэг блок маркт Монгол Улсад анх газардсан "Юнкерс-13" онгоц, агаарын хөлөг, цэрэг, тээврийн үйл ажиллагаа, дэд бүтэц, байлдааны онгоцыг дүрсэлжээ. Мөн чимэглэл хэсэгт агаарын цэргийн сөнөөгч, байлдааны Миг-21, Ми-24 нисдэг тэрэг, агаарын тээвэрт нислэг гүйцэтгэж байсан Ан-2, Ан-24/26, олон улсын нислэг хийж байсан, агаарын Ил-14, Ту-154 хөлөг болон нисэхийн дэд бүтцийн бүрдэл хэсгүүд болох нислэгийн удирдлагын төв, радар, агаарын навигац, “Буянт-Ухаа” нисэх буудал болон соёлын өвөөр бүртгэгдсэн зорчигч терминал, хөөрч буух зурвас зэрэг байгууламжийг харуулжээ. 




Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ, “Монгол Улсад нисэх хүчний салбар хөгжөөд 100 жил боллоо. Энэ хугацаанд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн дэвшилтэт технологийг хослуулсан, агаарын тээврийн найдвартай системийг бий болгосон. Энэ марк нь нисэх хүчин, агаарын тээвэр, иргэний нисэхийн бахархалт түүх, хичээл зүтгэлийг харуулж байна. Зөвхөн цуглуулгын эд зүйл бус, харин нисэхийн салбарт хийж бүтээсэн ололт амжилт, сорилт бэрхшээлийг даван туулсан түүхийн бэлгэ тэмдэг” хэмээв.



“Монгол Улсын нисэх хүчний 100 жил” маркийг 35х35 мм хэмжээгээр 8 мянган ширхгийг хэвлэсэн байна. Тус бүр нь 6 мянган төгрөгийн үнэтэй. Харин анхны өдрийн дугтуй 580 ширхгийг хэвлэсэн бөгөөд үнэ нь 15 мянган төгрөг ажээ.



Ташрамд дурдахад, Монгол маркийн түүхэнд 50 гаруй сэдвийн маркт нисэх онгоцыг дүрслэн буулгасан байдаг аж. 








 

 

相关新闻