Хүннү хотод тээвэр логистикийн бүсийг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-21 10:14:49

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг 1019 га талбайд барина.


Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм. Уг төлөвлөлтийн хүрээнд ажлын хэсэг байгуулж нийслэлд хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, холбоодын төлөөлөлтэй өчигдөр уулзаж, санал солилцжээ. Уулзалтын үеэр хүнсний хангамжийн логистикийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл лаборатори барихаас гадна агуулахын хувьд агаар сэлгэх болон хөргөх системийг анхнаас нь зөв шийдвэрлэх нь чухал гэдгийг тодотгов. Ийнхүү логистикийн төвийг шинээр байгуулахдаа тэдний саналыг тусгаж, олон улсын стандартад нийцсэн ажил төлөвлөж, гүйцэтгэх юм.


Хүн амын төвлөрөл ихтэй нийслэлд жил бүр 184.6 мянган тонн төмс, хүнсний ногооны эрэлт үүсдэг. Одоогийн хадгалах хүчин чадал 89.1 мянган тонн буюу хэрэгцээний 43 хувийг хангаж байна. Тиймээс 50 мянган тонн багтаамжтай шинэ агуулах байгуулах хэрэгцээ байгаа аж. Үр дүнтэй шийдэл нь Хүннү хотын логистикийн нэгдсэн төв юм. Мөн өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хувийн терминалтай 10 гаруй, тээвэр, логистикийн үйлчилгээ үзүүлдэг 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.


Улаанбаатар хот тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж бага боловч ажиллагаа ихтэй ажиллаж буй. Тухайлбал, төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг. Өөрөөр хэлбэл нэг чингэлэгт ногдох зардал өндөр. Мөн 10 терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй буюу терминалууд дээр буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг байна. Түүнчлэн логистик компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй боловч нийслэлд зай талбай байхгүй тул Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулснаар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой талаар НЗДТГ-аас мэдээлэв.  

相关新闻