COP17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл хангах дэд хороо хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-21 11:10:14

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд зохион байгуулна.    


Монгол Улс зохион байгуулах хуралд дэлхийн 190 гаруй орны төлөөлөл оролцож цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдэх юм. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцид 197 улс нэгдэн орсон бөгөөд энэ нь цөлжилт, газрын болон гангийн доройтолд өртсөн бүс нутгийг сэргээх, хамгаалах, нэмж доройтохоос сэргийлэхэд чиглэсэн олон улсын конценц билээ.


Засгийн газраас тус хурлыг зохион байгуулах бэлтгэл хангахаар Үндэсний хороо, мөн 12 дэд хороог байгуулсан. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгийн даргалж буй Бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд хороо өчигдөр хуралдах үеэр бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд хорооны чиг үүргийг танилцуулж, 2025-2026 онд хийх ажлын төлөвлөгөөг ярилцлаа. Дэд хорооны дарга COP17 бага хурлын үеэр Монгол Улс зохион байгуулагч орон, тэр дундаа далайд гарцгүй, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий бүс нутагт оршдог учир манлайлж оролцох учиртайг сануулав. Энэ хүрээнд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил”-ийн бэлтгэл хангаж, “Бэлчээрийн шүхэр санаачилга”-ыг дэвшүүлэн хэрэгжүүлэхийн ач холбогдол, олон улсын сайн туршлага, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцжээ. 



相关新闻