Д.Амарбаясгалан: Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-21 15:37:35

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, НҮБ, “КОЙКА” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулган Төрийн ордонд  өнөөдөр нээлтээ хийлээ.

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлэхдээ, “УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан сонгуулийн холимог тогтолцоог сонгож, нам эвслээс сонгуульд нийт жагсаалтаар нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь, тойрогт нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан зоримог алхмыг бид өнгөрсөн жил хийсэн билээ. Түүний үр дүнд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 1341 хүний 38.7 хувь буюу 520 нь эмэгтэйчүүд байсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон төдийгүй 32 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдож парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25.4 хувь болсон нь мөн дээд амжилт болсон юм.


Өөрөөр хэлбэл, Монгол Улс Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн оролцооны түвшнээрээ тэргүүлж байна. Түүнчлэн 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээс харахад, аймаг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн 17.9 хувь, сум, дүүргийн ИТХ-ын 28.8 хувь нь эмэгтэйчүүд эзлэх болжээ.


Үүнийг парламентын үзүүлэлттэй харьцуулахад, аймаг нийслэлийн түвшин доогуур хэдий ч сум дүүргийн түвшин 3 хувиар илүү байна. Хэдийгээр орон нутгийн ИТХ-ын эмэгтэй гишүүдийн тоо аажмаар нэмэгдэх хандлагатай байгаа боловч тэднээс удирдах түвшинд сонгогдсон нь тун цөөн байна" хэмээн тэмдэглэв.


Одоогийн байдлаар Дархан-Уул, Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргаар эмэгтэй төлөөлөгч ажиллаж байгаа ба аймаг, нийслэлийн ИТХ-ын 796 төлөөлөгчийн 143 нь эмэгтэй, сум дүүргийн ИТХ-ын 7235 төлөөлөгчийн 2069 нь эмэгтэй төлөөлөгч эзэлж байна гэсэн судалгааны дүн энэ үеэр дурдагдав. Энэхүү үзүүлэлттэй уялдуулж хөгжлийг хөдөөд хүргэх, бодлогоо бүс нутагт хүргэх, эмэгтэй төлөөлөгчидтэй илүү ойр хамтран ажиллах үүднээс “Бид эмэгтэйчүүд” хөтөлбөрийг цаашид бүс, аймгийн онцлог нөхцөлд тулгуурлан системтэйгээр үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэллээ. Ингэснээр төлөөлөгч эмэгтэйчүүд УИХ-ын эмэгтэй гишүүдийн хамтын ажиллагааг бэхжиж, орон нутгийн бодлогод эмэгтэйчүүд илүү хүчтэй байр суурьтай оролцох болно гэж тэрбээр мэдэгдсэн юм.



БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон чуулганы индрээс хэлэхдээ, “БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг хэрэгжүүлсэн нь бодлогын болон нийгмийн шинэчлэлд үнэлэхүйц үр дүнг авчирсан. Монгол Улсын парламент эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө бүс нутгийн хэмжээнд өндөрт тооцогдож, 25.4 хувьд хүрсэн нь БНСУ-аас ч өндөр үзүүлэлт юм. Гэхдээ тоон үзүүлэлтээс илүүтэй бидний амжилтыг тодорхойлох жинхэнэ ололт нь эмэгтэйчүүдийн улс төр дэх төлөөлөл нийгэмд бодит, эерэг өөрчлөлт авчирч байгааг ард иргэд мэдрэх явдал юм” хэмээн онцоллоо.



Баруун-Урт хотын дарга асан М.Төмөрчулуун тус чуулганд урилгаар оролцож буй. Тэрбээр 1996-2020 онд Сүхбаатар аймгийн ИХТ-д 6 удаа буюу аймгийн ИТХ-д хамгийн олон удаа сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид тооцогдож байна. Одоогоор энэ түүх хараахан давтагдаагүй бөгөөд тэрбээр “Эмэгтэйчүүд аймгийн ИТХ-д сонгогдох нь зарим талаараа амаргүй даваа байдаг. Эмэгтэйчүүд ИТХ-д сонгогдсоноор баг, хамт олны уур амьсгалд эерэг нөлөө авчирдаг бөгөөд асуудлыг олж харах, түүнийг тодорхойлох, шийдвэр гаргах явцад сайнаар нөлөөлдөг” хэмээн ярилаа.


УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тодорхой тусгасан юм. Тиймээс залууст хандсан “Нээлттэй парламент”, ахмад үеэс туршлага суралцах “Эксперт” хөтөлбөр, эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжсэн “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” зэрэг хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж буй. Иймд өнөөдрийн энэхүү чуулганаас гарах шийдвэр, оролцогчдын санал бодолд үндэслэн улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллахаа УИХ-ын дарга энэ үеэр илэрхийлэв.

 

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог ахиулах, тэдний манлайлах бололцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилготой уг чуулганд 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум, 9 дүүргийн 660 төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэйчүүд оролцож байна. “Бид эмэгтэйчүүд” чуулган маргааш салбар хэлэлцүүлгээр үргэлжилнэ.






 

相关新闻