Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 149 хөгжлийн төслийг эрэмбэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 149 хөгжлийн төслийг эрэмбэллээ" гэж Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээллээ.
Тэдгээр төслийг хэрэгжих боломжоороо нь үнэлж, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр эрэмбэлсэн байна. Ингэхдээ макро эдийн засгийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, санхүүжилтийн нөлөөллийн байдлын үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэсэн 4 бүлэгт хуваан, оноожуулсан аж.
Төслүүдийн 105 буюу 75 хувь нь
хэрэгжиж эхлээгүй байгаа юм байна. Хэрэгжихэд бэлэн эсэх байдлыг нь харгалзан үзэхэд, ТЭЗҮ-тэй 85, ТЭЗҮ-гүй 54, ТЭЗҮ
шаардлагагүй хоёр, ТЭЗҮ-ийг нь тодотгож буй 8 төсөл байна.
Санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал, улсын болон орон нутгийн төсвөөр 44, гадаад зээл тусламжаар 26, төр хувийн хэвшлийн түншлэлээр 17, холимог эх үүсвэрээр 15 төсөл хэрэгжих бол эх үүсвэргүй нь шийдэгдээгүй 22 төсөл байгааг тодотголоо гэж Н.Учрал сайд ярив.