ЗАВХАН: Хорвоог таниулсан чулуун тоглоом

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-26 18:04:32

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн говь, хангайн сумын малчдын хүүхдүүд өдгөө ч чулуун тоглоомоор тоглож байна.


Чулуу нь байгалийн шинж төрхөөсөө шалтгаалан өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй, хэлбэр дүрсийн хувьд давтагдашгүй байдаг болохоор хүүхдүүдэд маш сонирхолтой байдаг.  Хөдөөд чулуун тоглоомын орон хот айл бүрийн өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан болон малын бэлчээрт газар сайгүй бий. 


Монгол хүүхдийн тоглоом нь малчин ардын аж байдал, ёс заншил, хөдөлмөрийн онцлогийг тод томруун тусгасан байдгийн нэг жишээ бол “Гэр барих” уламжлалт тоглоом юм.


Чулуун гэр барих тоглоом нь 3-12 насны хүүхдүүдийн дунд өргөн дэлгэрсэн уламжлалт тоглоом юм. Тоглогчид нь чулуу тойруулан зэрэглэж монгол гэр болгон өрөөд, чулуун тойргийн зүүн өмнө талд үүд гаргаж тоглодог. Гэрийн доторх янз бүрийн эдлэл тавилгыг хийсвэрлэн төлөөлүүлж, дөрвөлжин чулуугаар авдар, гонзгой чулуугаар ор хийх, хонхор чулуугаар сав суулга хийх зэргээр гэрийн дотор зохист газарт нь байрлуулан тавьдаг. Гэрийн хоймор буюу бурхан шүтээний дороос нохойн идүүр хүртэл айлд байх ёстой бүхий л эдлэлийг бүртгэн байрлуулж, монгол айлын аж амьдралыг загварчлан дуурайж нааддаг.


Монгол гэрийн дотоод заслыг үүднээс нь эхлэн нар зөв эргэн тоочвол, монгол гэрийн үүд зүүн өмнө зүгт хандсан байна.


Морин зүг буюу гэрийн баруун урд хатавчинд морины хазаар ногт, намартаа айргийн хөхүүр зэргийг өлгөсөн байна.  Хонин зүгт хавартаа хурганы хөгнө уяа байрлана. Бич, тахиа зүг буюу гэрийн баруун талд голдуу бараа хураасан байдаг. Орчин үед гийчинд зориулсан унтах орыг байрлуулсан байдаг. Нохой, гахай зүгт арслантай авдар байна.


Хулгана зүг буюу монгол айлын хойморт бурхан тахил тэргүүтэн бүхий дорхон байна. Бурхны хоёр талд авдар байна. Бар зүгт гэрийн эзний суух олбог суудал, зэр зэвсэг тэргүүтэн байна. Туулай зүгт хүүхдийн өөжин хийгээд эзэгтэйн унтах ор, эзэгтэйн орны доод талд “үхэг” хэмээх эзэгтэйн хөлийн авдар байрлана. Луу зүг буюу зүүн урд талд “эргүүл” хэмээх гал тогооны модон тавиур дээр гал тогооны хэрэгсэл бүрэн багтсан байна гэхчлэн аж ахуй амьдралыг хүүхдүүдэд тоглоомоор нь таниулдаг онцлогтой наадгай юм.


Чулуун тоглоом нь юун түрүүн хүүхдийн уран сэтгэмжийг хөгжүүлдэг. Дүрс хэлбэр, өнгийг гярхай ажиглаж сурдаг.


Нүүдэлчид нутаг сэлгэхдээ хүүхдийнхээ чулуун тоглоомыг орхиулдаг. Хэчнээн цаг зав, хүч хөдөлмөр зарцуулан байж цуглуулсан зүйлээ үлдээнэ гэдэг хэцүү. Эд зүйл үгүй боллоо гээд гунихгүй, дахиад олддог гэсэн сэтгэлийн хат тэвчээрийг суулгахаас гадна хүүхдүүдээ эдийн шуналгүй болгох монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан байсан.


Ташрамд, биет бус өв нь бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой. Манай улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага” айд бүртгэгдсэн нэг өв бол чулуун тоглоомын уламжлалт төрлүүд юм. Энэхүү тоглоомоор тоглож үзээгүй монгол хүн ховор бөгөөд төрж өссөн уул толгод, гол усны ойролцоо энэхүү тоглоом өдгөө ч оршсоор байна. 


Чулуун гэр, малын хашаа


Мод, чулуугаар малын хашаа гэр барьжээ


相关新闻