Нийслэлийн гол замуудыг долоодугаар сарын 5-наас өмнө засаж дуусгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг шинэчлэн засварлах ажил эхэлсэн бөгөөд гол замын засварыг ирэх долоодугаар сарын 5-наас өмнө дуусгахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг засаж байгаа юм. 2007 оноос засаж, шинэчлээгүй тус замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашиглаж байгааг албаныхан хэллээ. Учир нь, хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн автобусны буудал, гэрлэн дохионы ойролцоо уулзвар хэсгүүдэд дугуйн мөрний ховил тогтмол үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй аж.
Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр ярихдаа, “Агаарын температур 20-30 хэмд хүрэхэд асфальт хучилттай зам 40-50 хэм хүртэл халдаг. Энэ үед хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн авто зам дээр дугуйн мөрний ховил үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй. Ингэснээр авто замын чанар дээшилж, насжилт уртасна. Хотын гол гудамж, замыг шинэчлэхдээ суурь хүчитгэх, хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар хийж байгаа аж. Харин полимер битум материалтай өнгө хучилтын ажлыг өдрийн цагаар хийхээс өөр аргагүй. Учир нь шөнийн цагаар агаарын температур унадаг тул полимер битум материал нягт авахгүй байх эрсдэлтэй. Иймээс аль болох амралтын өдрүүдэд өнгө хучилтын ажлыг хийж байна” гэв.
Ташрамд дурдахад,
өчигдөр, өнөөдөр Чингэлтэй өргөн чөлөөнөөс Хайлааст хүртэлх дөрвөн км, Энхтайваны
өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу их тойруу хүртэлх, Шадивлан
зуслангаас Дамбадаржаа хүртэлх хоёр км, Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс
хүртэлх авто замыг тус тус засварлаж, хөдөлгөөнийг нээжээ.