П.Алтан-Од: Улс орнууд кибер орон зайд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-27 11:51:25

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦХИХХЯ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Мэдээллийн аюулгүй байдлын газар хамтран кибер, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх бүс нутаг хоорондын хурлыг энэ сарын 27-28-нд зохион байгуулж байна.


Дэлхийн нийтийг хамарсан тоон шилжилт, дижитал эдийн засгийн хурдтай хөгжил нь шинэ боломжийг нээхийн зэрэгцээ аюулгүй байдлын сорилтуудыг ч дагуулж байна. Тиймээс улс орнууд кибер орон зайг хамгаалахын тулд хамтран ажиллах, туршлагаа солилцох, үр дүнтэй итгэлцлийг бий болгох нь чухлыг ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од хурлыг нээж хэлсэн үгэндээ тодотгов. Тэрбээр, “Монгол Улс бүс нутаг, олон улсын түвшинд энэ хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон үндэсний стратегийг хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхтэй ажиллаж байгаа” гэсэн юм.


Манай улс Кибер аюулгүй байдлын олон улсын индекст хууль эрх зүйн хувьд сайн үнэлгээ авсан ч хамтын ажиллагаа, технологийн бэлэн байдлыг сайжруулах шаардлагатай байгаа. Мөн Оксфордын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар Монгол Улс дотоодын болон олон улсын хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай гэж зөвлөсөн билээ. 

Дээрх хурлаар бүс нутгийн кибер болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн аюулгүй байдлын хэрэгжилтийн зөрүүг тодорхойлж, стратегийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхээс гадна аюулгүй, хариуцлагатай кибер орон зайг бүрдүүлэхэд хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

相关新闻