ЗАВХАН: Өнөөдрийн байдлаар ёслолын өргөөнд 30 гаруй хос батлахаа гардан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-30 15:10:36

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймагт гэрлэлтийн батлах гардуулах ёслолыг дөрөв дэх удаагаа зохион байгуулжээ. 


Ёслолоор Улиастай сумын Жинст, Өлзийт, Товцог багийн гурван залуу гэр бүлийн гэрлэлтийг баталж, батлахыг нь гардуулж өгсөн байна. Хосууд гэрлэлтийн батлах гардуулах ёслолын өмнө ”Гэр бүлийн үнэ цэн, хосуудын харилцаа” сургалтад хамрагдсан байна.


Гэрлэлт бол тоглоом биш гэдгийг энэ үйл ажиллагаагаар баталгаажуулж өгч буй юм. Монголчууд бэлгэдлээ бодож, өдрийн сайныг өнжин хүлээн хурим найраа хийдэг. Завхан аймаг хоёр жилийн өмнө ёслолын өргөөтэй болсон юм. Ёслолын өргөөтэй болсноор орон нутагтаа амьдарч байгаа олон залуу хос өдрийн сайныг шинжиж гэрлэлтийн батлахаа ёслол төгөлдөр гардан авах боломжтой болсон юм. Монгол өв уламжлалаа хадгалсан үнэ цэнтэй, бат бөх, аз жаргалтай, тогтвортой гэр бүлийн суурийг тавихад гэр бүл, төрийн хамтын оролцоог бэхжүүлэх.


Гэр бүлийн үнэт зүйлийг бий болгох зорилготой тохижуулсан гэрлэлтийн батлах гардуулах ёслолын өргөө нь цаг үеэ олсон бүтээн байгуулалт болсон.  


Гэрлэлтийн батлах, гэрчилгээгээ олон хүний өмнө ёслол төгөлдөр хүлээн авч, хосууд гарын үсэг зурж, харилцан бие биедээ үүрэг хариуцлага, амлалтаа өгч буй нь залуу хосод үнэ цэнтэй дурсамж үлдээж буй үйл ажиллагаа болдгоороо онцлогтой юм.

Ер нь хүн бүр аав, ээж болж гэр бүл зохиох учраас хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх үеэс нь гэр бүлийн хуулийг судлуулж, гол нь тухайн хүний эрх, үүрэг ийм байх юм шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй.


Хуульд заасан хэдхэн үүргийг яс цээжилчихвэл тухайн гэр бүлийн бат бөх харилцаанд маш том нөлөө үзүүлнэ гэдгийг онцолж хэлмээр байна. 


Залуучууд маань нөхөр, эхнэр хүн гэр бүлийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг бараг л мэддэггүй. Тиймээс гэр бүл гэдэг маш сайхан харилцааг бүрдүүлсэн, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлуудыг хоорондоо ярилцаж шийдвэрлэдэг. Нэг нэгнээ хүндэтгэж харилцдаг байх ёстой гэдгийг гэрлэлтийн батлах гардуулах ёслол үргэлж сануулах үйл явц болдог. Өнөөдрийн байдлаар ёслолын өргөөнд 30 гаруй хос батлахаа гардан авсан гэж Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас мэдээлэв. 

 

Ташрамд, Завхан аймаг 2023 онд орон нутгийн хөгжлийн сангийн 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэрлэлтийн батлах гардуулах ёслолын өргөөтэй болжээ. Энэ өргөөг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн тохижуулжээ.

Ёслолын өргөөнд гэрлэлтийн батлахаа гардан авсан хосууд

相关新闻