“Royal Dance” хамтлаг дэлхийн аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын бүжигчид ДАШТ-ээс гурван алтан медал хүртжээ.
Дэлхийн бүжгийн спортын холбооны Хореографик дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Португалын Брага хотноо өчигдөр болж, шилдгүүдээ тодруулав. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болсон энэхүү тэмцээний ангилал тус бүрд 18 орны шилдгүүд өрсөлдсөн аж. Тус тэмцээнд "Монголын бүжгийн спортын холбоо”-ны гишүүн “Royal dance” бүжгийн клубийн дэргэдэх “Royal Dance” хамтлаг залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд оролцож, хос алтан медаль, хос аваргын цом "Star dance" студийн дэргэдэх "Star girls" хамтлаг өсвөрийн ангилалд оролцож, тэргүүн байрыг тус тус эзэлжээ. Тодруулбал, "Star girls" хамтлаг 29.69 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол Итали, Португалын баг мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. Харин залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд Португал, Испанийн баг мөнгөн медаль авчээ.
"Монголын бүжгийн спортын холбоо”-ны гишүүн “Royal dance” бүжгийн клубийн дэргэдэх “Royal dance” бүжгийн хамтлаг нь 2019 онд байгуулагдсан бөгөөд гишүүдийн дийлэнх нь 18-22 насныхан аж. Энэхүү тэмцээнд 3 багш 20 бүжигчин нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.