АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-04 11:28:34

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны импортын татварыг 25 хувиас 50 хувьд хүргэж хоёр дахин нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зуржээ. 


Ингэснээр авто машинаас эхлээд лаазалсан хүнс зэрэгт өргөнөөр ашиглагддаг металлуудын импортын татварыг энэ оны гуравдугаар сараас хойш хоёр дахь удаагаа нэмэгдүүлж байна.


Лхагва гаргаас хэрэгжиж эхлэх энэхүү шийдвэр нь Америкийн гангийн салбарын ирээдүйг баталгаажуулах зорилготой гэж Д.Трамп мэдэгджээ. Гэсэн хэдий ч шүүмжлэгчдийн зүгээс, АНУ-аас гадуурх ган үйлдвэрлэгчдийг “сүйрүүлж”, худалдааны түншүүдийг хариу арга хэмжээ авахад хүргэж, Америкийн хэрэглэгчдэд шийтгэл болно хэмээн шүүмжилж байна.


Д.Трамп ган, хөнгөн цагаанд ногдуулах татварыг нэмэгдүүлсэн хэдий ч Их Британитай худалдааны хэлэлцээ хийж байгааг харгалзан тус улсаас нийлүүлэх металлуудад ногдуулах татварын хувь хэмжээг 25 хувь хэвээр үлдээжээ.


АНУ бол Канад, Бразил, Мексик, Өмнөд Солонгосоос нийлүүлдэг гангийн дийлэнхийг авдаг Европын Холбооны дараа ордог дэлхийн хамгийн том ган импортлогч орон гэдгийг АНУ-ын Засгийн газрын мэдээлэл харуулж байна.


Д.Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаанд үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой үйлдвэрүүдийг хамгаалах эрх мэдлийг олгосон хуулийг ашиглан ганд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулж байсан юм.


Гэвч АНУ холбоотнуудтайгаа худалдааны гэрээ байгуулсан, мөн зарим компанийн хүсэлтээр импортын олон барааг татвараас чөлөөлж байв. Харин энэ оны гуравдугаар сард Д.Трамп хамгаалалтын арга хэмжээг сулруулсанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, эдгээр хөнгөлөлтийг цуцалжээ.


Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын гангийн үйлдвэрт болсон цуглааны үеэр тэрбээр мэдэгдэхдээ, Америкийн бизнес эрхлэгчдийг зөвхөн Америкийн ханган нийлүүлэгчдээс худалдан авахаас өөр сонголтгүй болгохын тулд татварыг маш өндөр болгохыг хүсэж байгаагаа мэдэгдсэн юм.

相关新闻