СЭЛЭНГЭ: Техникийн туслалцаа үзүүлэх төслийн баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-05 17:19:13

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хүний папиллома вирус (ХПВ)-ний халдварын эсрэг дархлаажуулалтыг нэвтрүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх төслийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

ХПВ-ний халдварын эсрэг дархлаажуулалтыг товлолд нэвтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Гави-Вакцин дархлаажуулалтын глобал альянс байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа.

 

Энэхүү төслийн хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшний эрүүл мэндийн ажилтан, бусад оролцогч талуудын чадавхыг дээшлүүлэх, зөв мэдээллээр хангах, эрсдэлийн харилцаа холбооны стратеги боловсруулах, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна.

 

Энэ ажил орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, дүн шинжилгээ хийхээр Гави-Вакцин дархлаажуулалтын глобал альянс байгууллагын төлөөллүүд Сэлэнгэ аймагт ирээд байна.

 

Дээрх багийнхан аймгийн ЭМГ-ын дархлаажуулалтын өнөөгийн байдал мөн сумын түвшинд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгааг газар дээр нь үзэхээр Шаамар сумын Эрүүл мэндийн төвийг сонгон, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллалаа.

 

Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар ХПВ-ний халдварын эсрэг товлолт дархлаажуулалтад 1261 зорилтот бүлгийн 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хамрагдсан байна.

 

Мөн сургалт нөлөөллийн ажлыг сумдад тасралтгүй зохион байгуулан ажиллаж байгаа юм. 

相关新闻