Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-06 10:38:40

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 6 /DW/. АНУ-д хийж буй анхны айлчлалынхаа үеэр Германы Канцлер Фридрих Мерц Ерөнхийлөгч Дональд Трампыг Украины эсрэг Оросын дайныг зогсоох хүчин чармайлтын “гол хүн” гэж нэрлэжээ.


“Энэ дайн ямар аймшигтай гэдэгтэй бид санал нэгдсэн бөгөөд үүнийг хэрхэн зогсоох аргыг эрэлхийлж байна" хэмээн тэрбээр пүрэв гарагт буюу өчигдөр Цагаан ордны Зууван танхимд хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн байна.


Ф.Мерц Америкийн Ерөнхийлөгчид хандан Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг уриалаад Украины дайныг зогсоохын тулд хамтран ажиллахыг санал болгосон байна. "АНУ бол энэ дайныг зогсоохын тулд аливаа алхмыг хийх маш хүчтэй байр суурьтай" гэж тэрбээр хэлээд “бид чадлынхаа хэрээр бүхнийг хийхэд бэлэн байна” гэж онцолжээ. 


Үүний сацуу тэрбээр ОХУ-ыг түрэмгийлэгч, дайныг өдөөгч гэж мэдэгдсэн байна. "Бид Украины талд байгаа" хэмээн Ф.Мерц онцлоод Герман болон Европын Холбоо Киевийг улам хүчирхэг болгохыг хичээж байна" гэж нэмж дурджээ. Харин Д.Трамп энэ талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.


Цагаан ордонд Ф.Мерцийг хүлээн авч уулзах үеэрээ тэрбээр Германы батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлж байгааг сайшаасан байна. “Одоогийн байдлаар та бүхэн батлан хамгаалахад илүү их мөнгө зарцуулж байгааг би мэднэ, энэ бол сайшаалтай алхам юм” гэж Д.Трамп онцолжээ.


Д.Трамп Оросын эсрэг үргэлжлүүлэн хориг арга хэмжээ авахыг үгүйсгэсэнгүй. Хэрэв Украины дайн дуусахгүй бол хатуу байр суурь баримтална гэж тэрбээр анхааруулаад хатуу бодлого хоёр талын аль алинд нь хамаатай гэдгийг нэмж дурджээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украин орныг бүхэлд нь эзлэхийг хүсэж байгаа ч “ийм зүйл болохгүй” гэж Америкийн удирдагч итгэлтэйгээр мэдэгдсэн байна. Д.Трамп хэрвээ тухайн үед Ерөнхийлөгч байсан бол Оросын цэргүүд ийм өргөн хүрээтэй довтолгоо эхлүүлэхгүй байх байсан гэж үздгээ дахин илэрхийлжээ. 


Цагаан ордны тэргүүн мөн Германд байрлаж байгаа цэргүүдээ татахгүй гэдгийг баталжээ. Ф.Мерцийг Вашингтонд анх удаа хүлээн авахдаа тэрбээр түүнийг “Герман улсын гайхалтай канцлер” хэмээн нэрлэсэн байна. 

相关新闻