Японы Засгийн газар Палестиныг хүлээн зөвшөөрөхөө хойшлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 17 /Asahi/. Японы Засгийн газар Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхөө түр хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Палестины нөхцөл байдал, Япон-Америкийн харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж "Asahi" сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ.
Эх сурвалжуудын ярьснаар, Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү энэ сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд болох Палестины асуудлаарх олон улсын бага хуралд оролцохоор Нью-Йорк руу явахгүй аж.
Одоогийн байдлаар 147 улс Палестиныг тусгаар улс хэмээн зөвшөөрөөд байна. Өнгөрсөн онд Палестиныг НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхэд АНУ хориг тавьсан хэдий ч 2024-2025 онд зарим орон, тэр дундаа Европын хэд хэдэн улс Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгджээ.