“Khangarid Cup” холимог тулаанд шилдгүүд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-06 14:23:47

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship 22” аваргын бүсийн төлөөх тэмцээн “Khangarid Cup” энэ сарын 14-нд “Аса арена”-д болно.


Тус тэмцээнд Монголын шилдэг тулаанчдаас гадна Япон, БНСУ, Бразил, Казахстан, Нигерээс тамирчид ирэх аж. “Khangarid Cup”-ын хүрээнд найман тулаан болох бөгөөд Монгол, АНУ, Канад, Сингапурын шүүгчид тулааныг дэнслэх юм байна. Энэхүү тэмцээн нь олон улсын чадварлаг тамирчдыг эх орондоо урьж өрсөлдүүлэн, холимог тулааны ертөнц дэх Монгол Улсын байр суурийг бататгах зорилготойг зохион байгуулагчид онцоллоо.


Монголын тулааны шилдэг тамирчдын холбоог 2009 онд байгуулсан бөгөөд тэр цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, “MGL-1 Fighting Championship” аваргын бүсийн төлөөх тэмцээнийг 21, залуу тамирчдын чансаа өсгөх “MGL-1 Fight Night” тулааныг зургаан удаа зохион  байгуулжээ. Дээрх тэмцээнүүдээс төрөн гарсан Монголын шилдэг тулаанчдын хувьд дэлхийн холимог тулааны томоохон холбоод болох АНУ-ын UFC, Ази, Номхон далайн орнуудын One Championship, Японы Deep, Gladiator, БНХАУ-ын JCK зэрэг холбоонд  төрийн алтан соёмбот далбаагаа мандуулан тулалдаж байна.


Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны зүгээс энэ жил олон улсын чанартай хоёр тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхнийх нь “Khangarid Cup” бол дараагийнх нь ирэх арваннэгдүгээр сард болох тов гарчээ. Энэхүү тулааныг NTV телевиз орон даяар шууд дамжуулах бол тасалбарыг Ticket.mn-ээр борлуулж байгаа аж.



相关新闻