Аймгийн Засаг дарга шилдэг тамирчдад мөнгөн шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-05 14:37:36

Хөвсгөл аймгийн хэмжээнд өсвөр үе, залуучуудын авъяас чадварыг дэмжин хөгжүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг олгох, ирээдүйн дэлхийн аварга, олимпийн аварга тамирчдыг тодруулан дэмжих зорилгоор жил бүр улс болон олон улс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдад шагнал олгодог бөгөөд тамирчдын төлөөлөл болсон 10 тамирчинд мөнгөн шагнал гардууллаа.

Энэ оны хагас жилийн байдлаар тус аймгаас спортын дэд мастер 6, спортын мастер 3, ОУХМ 2, Монгол улсын рекордыг 6 удаа, алт 29, мөнгө  38, хүрэл 46 нийт 113 медалийг 128 тамирчин хүртжээ. Ийнхүү амжилт гаргасан шилдэг тамирчин, дасгалжуулагч нарт аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 24.790000 төгрөгийн шагналыг олгохоор болж тамирчдын төлөөлөл болсон шилдэг 10 тамирчинд мөнгөн шагналыг аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар нар олголоо.

Б.Гантуяа 

相关新闻