П.Сүхбат Хөвсгөлийн математикийн багш нараа тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-06 21:51:54

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачилгаар математикийн багш нарын  дунд уралдаант шалгалтыг зохион байгуулж 108 багш оролцсоноос Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн математикийн багш П.Сүхбат 74 оноо авч аймгийн математикийн аварга багш боллоо.

Энэ үеэр хамгийн өндөр оноо авсан 23 багшид шилдэг багш өргөмжлөлийг гардуулж цаашид аймаг орон нутагтаа математикийг хөгжүүлэх шилдэг математикчдын багийг байгууллаа. Шилдэг багш нараас бүрдсэн баг орон нутагт математикийг хөгжүүлэхэд анхаарах бодлого чиглэлийг боловсруулж хоймор нутгийн нэрийг дуурсгасан чадварлаг төгсөгчдийг төрүүлэх зорилготой аж. Тус аймгийн хэмжээнд шалгалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж багш нарт хэрэгтэй шаардлагатай байгаа сургалт мэдээллийг өгч байх гэнэ.

Шалгалтын материалыг Монгол улсын гавъяат багш Ж.Нямжав боловсруулж 140 минутанд 20  бодлого бодуулж дээд оноог 77 байхаар төлөвлөсөн бол шилдэг багш 74 оноо авчээ. Мөн шалгалтын дараа багш нарт өгсөн даалгаврын дагуу сургалт мэдээлэл өгч юун дээр алдсан цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцжээ.

Б.Гантуяа 

相关新闻