ХӨВСГӨЛ: Их-Уул хайрхны тахилга энэ сарын 21-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-12 14:44:23

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Их-Уул хайрхныг аймгийн тахилгатай болгосон.


Тахилгыг энэ сарын 21-нд хийх бөгөөд ажлын баг хуралдаж, бэлтгэл ажил, зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.



Их-Уул нь  далайн түвшнээс дээш 1700 орчим метр өндөр бөгөөд тунамал чулуун гадаргатай юм.


Монгол орны байгалийн өвөрмөц тогтоцтой 20 уулын нэг, байгалийн давтагдашгүй 100 газар орны нэгээр шалгарсан.


Эрт цагт Төв дархан гүний хүрээ гэж байсан гэнэ. Баруун жас, суварган жас, маанийн жас гэсэн 3 том жастай чинээлэг хүрээ байсан гэдэг.


Нэгэн өглөө хүрээнийхэн төдийгүй хошуу нутаг даяараа давхарлаж барьсан сүм шиг уулс баруунаас зүүн өмнө зүгийг чиглэн алгуурхан нүүдэллэж явааг хараад их гайхсан гэдэг.


Хүрээний лам хувраг, нутгийн олон нүүдэллэн яваа үзэсгэлэнт уулыг нутагтаа тогтоохоор Гурван тавцай уулаар ширдэг дэвсэж, Алтан мандал уулаар ширээ засаж идээ будааныхаа дээжээр ихэд хүндэтгэн дайлж тогтоон авсан гэдэг.


Гэтэл уулын хагас нь уурлан цааш нүүж эхлэхэд хүрээний лам хуврагууд уул, усны судар уншиж, жасынхан тахилгын өргөл өргөж тогтоожээ.


Уурлаж нүүсэн хэсэг нь уван цуван тогтож элдэв сонин эрчлээ судалт уул толгод болсон түүхтэй бөгөөд давхарлан үелж тогтсон тэр уулыг нутгийнхан Их-Уул хайрхан хэмээн нэрлэж, цай сүүний дээжээ өргөн шүтэж ирсэн түүхтэй юм.

   

相关新闻