ТӨВ: Хонь ноослох УАШТ-ий өдрүүдэд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-06-12 21:47:10

Зуунмод, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослох улсын аварга шалгаруулах тэмцээнийг 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын Өв соёлын өргөөнд зохион байгуулна.


Тэмцээнийг зохион байгуулагч Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, “Монголчууддаа туршлагаа хуваалцъя” НҮТББ, “Share Mongolia” ТББ-ын төлөөллөөс бүрдсэн ажлын баг хуралдаж бэлтгэл ажлын төлөвлөгөө, тэмцээний зохион байгуулалтын талаар хэлэлцэж, санал солилцов.


Тэмцээний өдрүүдэд шагайн харваа, “Хонь ноослогчид дуулж байна”, үндэсний хувцас-хос морьтны тэмцээн, тэмээ ноослох, ноос савж эсгий хийх зэрэг уралдаан, тэмцээн болно.


Мөн сургалт, хэлэлцүүлэг, урлагийн тоглолт, хонины ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний загварын үзүүлбэр, хоолны фестиваль зэргийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.


Ташрамд, хонь ноослох тэмцээнийг анх 1961 онд Шинэ Зеланд улсад зохион байгуулснаас хойш жил бүр, харин 1977 онд Англи улсад дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнийг зохион байгуулснаас хойш 2 жил тутам зохион байгуулдаг болжээ. Монгол Улс 2026 оны хонь ноослох “Дэхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхээ албан ёсоор хүлээн авсан байна.

 

相关新闻