СҮХБААТАР: Аймгийн хэмжээнд 850 орчим донор бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна. Дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдрийг "Цусаа өгч итгэл түгээе - Хамтдаа амьдрал бэлэглэе" уриан дор аймгийн нэгдсэн эмнэлэг, ЭМГ, Улаанзагалмайн хороо хамтран тэмдэглэж, доноруудаа алдаршуулан, хүндэтгэл илэрхийллээ.
Тус аймгийн хэмжээнд цусаа хандивлагч 850 орчим донор байдгаас тал хувь нь Баруун-Уртад амьдардаг. Эдгээр дотор хүндэт донор 51 байгаагаас 15 нь тогтмол цусаа хандивлаж байна. Сүүлийн жилүүдэд донорын эгнээ өргөжин тэлж, насны хувьд ч залуужиж байгааг тодотгож байв. Аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны төвд одоогоор 8-9 төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Ачтан донор Э.Сансартайван залуу үеийн төлөөлөл. 2005 оноос хойш одоог хүртэл нийт 30 удаа буюу 9,1 литр цусаа хандивлажээ.
Донор Х.Баатарсүх сүүлийн дөрвөн жил тасралтгүй цусаа хандивлажээ. Ээж, эгч гээд гэр бүлийнх нь гишүүд эрүүд мэндийн салбарт ажилладаг учир энэ салбарын ажлыг хамгийн ихээр ойлгож, бас дэмжихийг хүсдэг нэгэн аж. Тиймээс донор болохоор шийдэж, жилд 4-5 удаа цусаа өгч хэвшсэн байна. Цусаа өгснөөр хүний амь, эрүүл мэндийг авран хамгаалахын дээр өөрөө давхар эрүүлжиж байдаг гэдгийг тэрбээр онцоллоо.
Харин идэвхтэн донор А.Алтантогос цусны донорын эмчээр арав орчим жил ажилласан. Ажиллах хугацаанаасаа эхлэн өөрөө идэвхтэн цус хандивлагч болжээ. Хэдийгээр одоо салбартаа ажиллахгүй байгаа ч цусаа өгсөн хэвээр байгаа бөгөөд сайн дурын авлагагүй донорын эгнээнд иргэдийг нэгдэхийг уриалж, донор байхын ач тусыг сурталчлан таниулсан хэвээр байгаа гэв.
Цусны донор бол зүрхнээсээ урсаж байгаа халуун цусаа бусдад бэлэглэж амь тэнссэн өвчтөнд, хагалгааны өрөөнд байгаа эмч нарт хамгийн үнэт зүйлийг нь өгдөг ачтан. Эрэгтэй хүн хоёр сард, эмэгтэй хүн гурван саjд нэг удаа цусаа бэлэглэх
боломжтой. Тиймээс өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүн бүр сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдэхийг мэргэжлийн байгууллагууд уриалж байна.