Залуусын хөгжилд нийгмийн сэтгэл зүй сөргөөр нөлөөлж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-07 14:45:45

Залуучуудын хөгжилд нийгмийн сэтгэл зүй сөргөөр нөлөөлж байгааг өнөөдөр болсон “Залуучуудын хөгжил” эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон багш, оюутнууд онцлов.

Залуусын хөгжлийн өмнө тулгамдсан асуудлыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх гарцыг тодорхойлох зорилго бүхий “Залуучуудын хөгжил” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ХНХЯ-нд болов. Монгол Улсад нэг сая гаруй залуучууд байдаг бөгөөд энэ нь нийт ажиллах хүчний 55 хувийг бүрдүүлдэг байна. Харамсалтай нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт муу байгааг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хурлын нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Сүүлийн үед өр зээлтэй, эдийн засгийн хүндрэлтэй орнуудад “алдагдсан үеийнхэн” гэсэн ойлголт бий болж байна. Асар их хэмжээний өртэй орнууд эдийн засгийн хэмнэлтийн системд шилждэг. Ингэхдээ эмэгтэйчүүд болон тэтгэвэрт гарах насны хүмүүсийг ажилд нь үлдээж, залуусыг чөлөөлж, хөдөлмөр эрхлэх болмжийг нь алдагдуулдаг. Энэ нь залуус өөрсдөө ямар нэгэн аргаар өрхийн амжиргаагаа залгуулах чадамжтай гэж үздэгтэй холбоотой. Харамсалтай нь үүнээс үүдэн залуус 10 жил орчим эдийн засгийн чадамжгүй болдог. Тиймээс төрийн зүгээс хэрэгжүүлэх аливаа бодлогод залуусын оролцоог хангах, тэдний санал санаачлагыг дэмжих, ажилтай, орлоготой байлгахад анхаарч байна. Мөн  Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг боловсруулж байна. Өнөөдрийн хуралд оролцож байгаа илтгэгчдийн шинэ санал, санаачлагыг хуулийн төсөлдөө оруулах болно” хэмээв.

Монгол Улсын нийт хүн амын 38.5 хувийг 15-34 насны залуус эзэлдэг байна. Үүнээс дөрвөн хүн тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг Нээлттэй нийгэм форум гаргажээ. 2014 оны судалгаагаар 18-24 насны 140 залууг оролцуулан хийсэн судалгаанд 31.4 хувь нь бие махбодийн, 38.8 хувь нь сэтгэл зүйн, 21.5 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн дүн гарчээ. Хүчирхийлэлд өртсөн залуус сэтгэл зүйн эмгэгтэй болох, өөрөө хүчирхийлэгч болох тохиолдол байгааг Нийтлэгч залуусын клубын зохицуулагч Ш.Гэгээн-Оргил “Залуусын дундах хүчирхийллээс хүний эрхийн зөрчил үүсч байгаа нь нийгмийн асуудал болох нь” илтгэлдээ дурьджээ.

Тэрбээр залуусыг хүчирхийллээс хамгаалах хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, эцэг эх болон сургуулийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр төрийн зүгээс бодлого боловсруулах шаардлагатай байгааг дүгнэлтдээ дурьджээ.

Монгол Улсад 162 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 150 мянга гаруй оюутан суралцаж байна. Харин ажилгүйчүүдийн 16 орчим хувийг дээд боловсролтой залуус, тусгай дунд боловсролтой нь 6, мэргэжлийн анхан шатны боловсролтой нь 6.1 хувийг эзлэж байв. Дээд боловсролтой ажилгүй залуус 25-34 настай байгаа юм. Тиймээс их дээд сургуулиудын боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй гэдгийг “Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлыг судалсан нь” Дорнод их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн салбар сургуулийн багш сэдвээр Б.Хулан, Д.Анхбаяр, С.Гансүх нар илтгэлдээ тэмдэглэжээ.

Залуус эртнээс мэргэжлээ сонгодоггүй, мэргэжил сонгоход нь эцэг эх нь хөндлөнгөөс нөлөөлж, дургүй салбарт нь сургах зэргээс шалтгаалан ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгааг МУБИС-ын 4 дамжааны оюутан Э.Цогзолмаа, “Мэргэжил сонголт залуусын боловсролын түвшинд нөлөөлөх нь “ сэдэвт илтгэлдээ дурьдав.

Тэрбээр их дээд сургуулийн 1 болон 2 дамжааны 100 гаруй оюутнаас хүссэн мэргэжлээрээ суралцаж байгаа эсэх талаар судалгаа авсан байна.  Залуусын дийлэнх нь эцэг эхийн нөлөөний улмаас хүссэн мэргэжлээрээ суралцаагүй, өөрийн сонголтондоо эргэлзэж байна гэсэн хариул өгсөн байна. Тиймээс төрийн болон ТББ-ууд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх, 8 дугаар ангиас нь эхлэн мэргэжил бүрийн давуу болон сул талыг таниулах нөлөөллийн ажиллагаа явуулах шаардлагатай хэмээв.

Дээрх бүх асуудал нь нийгмийн хөгжил болон сэтгэл зүйгээс үүдэлтэй гэдгийг бүх илтгэгчид дүгнэлтэндээ дурьдсан. Тухайлбал, нийгмийн сэтгэл зүйг зөв чиглүүлээгүйн улмаас хүчирхийлэл нэмэгддэг байна. Мөн залуусыг өөрийн хүссэн мэргэжил сонгоход эцэг эх дэмжлэг үзүүлж, урам өгдөг байх зэрэг бүхий л асуудал нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой байгаа юм. Тиймээс төрийн зүгээс нийгмийн сэтгэл зүйг зөв төлөвшүүлэх нөлөөллийн ажил явуулах хэрэгтэй гэдгийг илтгэгчид онцлов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻