Нийслэлийн Чингэлтэй дэд төв, 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шинэчлэх ажил эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран Улаанбаатар хотын гэр хороололд байрлах том оврын усан халаалтын зуухыг шинэчилж байна.
Тус хорооны мэдээлснээр, “Саусгоби Сэндс” компанийн санхүүгийн дэмжлэгээр Чингэлтэй дэд төв болон 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлэхээр гурвалсан гэрээг байгуулжээ. Гэрээнд санхүүжүүлэгч “Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Шюй Жинь Шөн, гүйцэтгэгчээр ажиллах “Газком” компанийн гүйцэтгэх захирал Д.Сэржбүдээ, захиалагч тал Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар гарын үсэг зурав.
Чингэлтэй дэд төв, 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлснээр жилд 3000 гаруй тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, 700 орчим айлын янданг буулгасантай дүйцэх хэмжээгээр агаар, орчны бохирдлыг бууруулах юм.
Тус зуухын шинэчлэлийн ажлыг ирэх онд дуусгаж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх ажээ.

Ulaanbaatar