“Монгол дархан-2025” үзэсгэлэнд дархчууд шилмэл сор бүтээлээ дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-24 16:15:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Монгол дархан 2025” үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооноос өнөөдөр хүргэлээ.


“Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор дархчууд үзэсгэлэнгээ дэлгэж, ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгаруулах юм.


Энэ удаагийн үзэсгэлэнг “Монгол дархны өв соёл, урлагийн гайхамшиг” нэрийн дор  өргөн хүрээтэй зохион байгуулж Буриад, ӨМӨЗО-ы уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцож буйгаараа онцлогтой.


Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооны тэргүүн С.Батзоригт, “2016 онд Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Улмаар дархчуудын үзэсгэлэнг гурван жил тутам уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ удаа дөрөв дэх удаагаа Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейтай хамтран зохион байгуулж байна. Өмнөх гурван удаагийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээл болон  эртний сайхан хийц, дархны өв бүтээлийг хамтад нь хоршсон байдлаар дархны бүтээлийг нэг дор цогцлоож, өнө эртнээс өнөөдрийг хүртэлх түүхийн архив археологийн үзмэр, шилдэг бүтээлүүдийг багтаасан үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Энэ үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейн есөн давхарт дэлгэх бол шинэ цагийн 2022-2025 оны хооронд бүтээсэн бүтээлүүдийг тус музейн нэгдүгээр танхимд олны хүртээл болгоно” гэв.


Харин “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Алтангэрэл ярихдаа, “Манай залуус монгол дархны урлагт уран ухаанаа уралдуулах нь ховор байна. Монгол хүний оюун ухаанаар бүтэж байгаа өв соёлынхоо төлөө залуус маань нэгдэж, ахмад үеийнхээ дархчуудаас суралцах хэрэгтэй.  Иймд залуустаа хандаж уран дархны эрдэмд суралцахыг уриалъя. Энэ удаагийн үзэсгэлэнд аймаг аймгийн дархчуудаас нэрд гарсан уран бүтээлчид ирж оролцоно” хэмээв.


Дархчууд шилмэл сор бүтээлүүдээ дэлгэн танилцуулж, эртний эдлэл цуглуулагчдаас тодорхой хэмжээний уран дархантай холбоотой эд өлгийн зүйлсийг үзүүлж, музейн сан хөмрөгт байх Өндөр гэгээнтэн Занабазартай холбоотой урласан бүтээлийг хоршин үзүүлэх юм. “Монгол дархан-2025”  үзэсгэлэнг долоодугаар сарын 2-нд нээх бол албан ёсны нээлтийг долоодугаар сарын 4-нд хийнэ. 


Ташрамд дурдахад, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито үзэсгэлэнгийн шилмэл бүтээлүүдийг үзэж сонирхох аж.

 

相关新闻