С.Батбаатар: Бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих стандартыг сайжруулснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-26 16:17:04

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Стандарт, хэмжил зүйн газар, Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх /ITDM/ төслийг баг бүрэлдэхүүнтэй хамтран “Стандарт бизнес орчинд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.


УИХ-ын даргын захирамжаар байгуулсан стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахаар ажиллаж байна. Стандартчилал, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх илтгэл мэдээлэл танилцуулж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлох зорилготой энэхүү хэлэлцүүлгээр төр хувийн хэвшлийнхэн олон улсын сайн туршлагыг хуваалцаж, бодит хэрэгцээ, шийдлийг хэлэлцсэн юм. 


Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар ярихдаа, Бизнес эрхлэгчид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг экспортолж эсвэл импортолдог. Энэ утгаараа бизнесийн орчин дахь хамгийн чухал зүйл бол стандарт юм. Манай улс Япон болон Европын улс оронтой гадаад худалдааны хэлэлцээр байгуулж, 5-7 мянга гаруй бүтээгдэхүүн гаргахаар тохиролцсон ч одоогоор ноос ноолуур, алт гэхчлэн тоотой хэдэн бүтээгдэхүүн л гаргаж  байна. Бид олон улсын жишигт нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг анхнаасаа дотоодоо үйлдвэрлэж, тавигдах шаардлагыг сайжруулснаар гадаад худалдааг нэмэх боломжтой. Энэ удаагийн хэлэлцүүлгээр үүнийг онцолж байна. Одоо хэлэлцүүлж байгаа шинэчилсэн хуулиар стандартыг сонгох биш заавал мөрддөг байх, хэрэгжилтэд онцгой анхаарах, чиг үүргийг тодорхой болгох гэхчлэн заалт оруулсан. Стандарт өөрөө шинэлэг, инновац шингээсэн байдаг. Тиймээс олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй” хэмээн онцлов.


Манай улсад өнөөдрийн байдлаар 6700 гаруй стандартыг мөрдөж байгаа ч зарим нь хуучирсан. Үүнийг шинэчилж, орчин үед нийцсэн стандарттай болох хэрэгтэйг бизнес эрхлэгч онцлов.


"БестКап" ХХК кофе цайны үйлдвэрийн  ахлах менежер н.Бүжинлхам хэлэхдээ, Манай үйлдвэрийн хувьд хаан, хатан цай, зарим төрлийн кофег дотоодод болон гадаадад гаргадаг. Бүтээгдэхүүнийг экспортлоход стандартын чанар, аюулгүй байдлыг хангах нь нэн чухал. Бид Стандарт хэмжил зүйн газартай хамтран кофе, цайны стандартыг баталгаажуулсан. Энэ болон олон улсын стандартыг мөрдөөд явж байгаа. Гэхдээ хүнсний салбарын зарим стандарт нэлээн хуучирсан нь одоогийн үйл ажиллагаатэй зохицдоггүй. Тэдгээрийг сайжруулж, орчин үед нийцсэн стандарттай болвол олон давуу талтай болно. Тухайлбал, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж, экспортод гаргахад асуудалгүй. Мөн үйлдвэр лабораторийн үйл ажиллагаа сайжирч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж ч өндөр байна. Ер нь стандартын хэрэгжилтийг сайжруулснаар гадаад, дотоод худалдааны эргэлт сайжирч, эдийн засагт ч тодорхой үр нөлөө үзүүлнэ” гэв.

 

Ташрамд дурдахад, “Монгол улсад гадаад худалдааг дэмжих төсөл нь” худалдааг хөнгөвчлөх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг Европын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, тулгарч буй тарифын бус саад тотгорыг тодорхойлон шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байна.

 











 

相关新闻