Сургууль цэцэрлэгүүд нэгдэж спортын наадмаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-08 09:24:43

Сүхбаатар аймгийн Боловсролын салбарынханы спортын 4-р наадам амжилттай зохион байгуулагдаж, 40 гаруй байгууллагын 17 багийн 21-60 насны багш ажилчдын 405 тамирчин оролцлоо.

Нийт оролцсон тамирчдын дунд 7 спортын мастер цолтон байлаа. Оролцогч багуудын ур чадвар, бэлтгэл сургуулилт ижил түвшинд байгааг зохион байгуулагчид онцолж байсан юм. Энэ жилийн хувьд сургууль цэцэрлэгүүд нэгдсэн нь гол онцлог байсан. 2017 онд бид урлагийн наадмаа хийнэ. Ингэхдээ үүний адил нэгтгэх үү, эсвэл дан дангаар нь оролцуулах уу гэдгээ багш ажилчдын саналыг авч шийднэ гэдгийг аймгийн БСГ-ын дарга Л.Байгалмаа хэллээ.

Баяндэлгэр сумын ЕБС-ийн хичээлийн эрхлэгч Б.Ариунаа хэлэхдээ “Энэ жил багуудын бэлтгэл, чадвар урьд жилүүдээ бодвол маш сайжирсан байна. Манай хамт олны хувьд ч гэсэн удирдамж гарсан цагаас эхлэн бэлтгэлээ хангасаар ирсэн. Хэд, хэдэн төрөлд амжилттай оролцлоо. Хамгийн гол нь сургууль цэцэрлэгүүд нэгдсэнээр хамтын ажиллагаа, уялдаа холбоог илүү сайжруулж, цаашид дахин хамтран нэгэн зорилгын төлөө зүтгэх эхлэлийг маш сайн тавьж өглөө” гэдгийг онцолж байсан юм.

Багууд спортын таван төрлөөр өрсөлдсөнөөс багийн дүнгээр Баруун-Урт сумын 1-р БДС 3,10-р цэцэрлэгүүдийн хамтарсан баг цомын эзэд болсон бол Сүхбаатар сумын сургууль цэцэрлэгийн баг, Баруун-Урт сумын 2-р БДС болон 4,5,8-р цэцэрлэгийн хамтарсан багууд удаах байрыг эзэллээ.

Т. Одончимэг

相关新闻