Цагдаа, дотоод цэргийн алба хаагчдын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 104, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр өнөөдөр тохиож байна.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдрийг Монгол Улсад жил бүрийн долоодугаар сарын 18-нд тэмдэглэдэг уламжлалтай. Ардын засгийн газрын 1921 оны долоодугаар сарын 19-ний хуралдаанаар цагдаагийн эрхлэх асуудлыг хэлэлцэж, “Арван тавны цагдаа”-гаас улбаатай Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болсон түүхтэй.
Харин 1992 оны долоодугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Дотоодыг хамгаалах газрын албаны байр, гянданг хамгаалах зорилгоор Ардын журамт цэргийн нэгдүгээр морин хорооноос хувьсгалын үйл хэрэгт үнэнч шударгаар оролцож явсан 13 цэргийг сонгож, тусгай тасгийг байгуулсан нь одоогийн Дотоодын цэргийн байгууллагын үүсэл болсон юм. Тэгвэл 1935 оны долоодугаар сарын 18-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 25-р хурлын тогтоолоор Цагдан сэргийлэх байгууллагыг анх байгуулжээ.
Энэ өдөр эх орныхоо дотоодын аюулгүй байдал, хууль ёсыг сахин хамгаалж, иргэдийн амар тайван амьдралыг хангахын төлөө зүтгэж буй алба хаагчдын үйлсийг алдаршуулдаг, талархал илэрхийлдэг онцгой өдөр юм.
Энэхүү өдөрт зориулсан ёслолын ажиллагаа, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн жагсаал маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.