ТӨВ: Сарьдагийн хийдийн туурь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-07-20 16:55:18

Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Арцат Сарьдаг уулын энгэрт Рибогэжайлинганданшадублин буюу Төгс баясгалант, буян арвижих, номлол бүтээлийн хийдийн туурь бий.


Тус туурийг Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар, 2008 оны 175 дугаар тогтоолоор аймгийн хамгаалалтад 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан байна.


Хийдийн тухайд, Түшээт Хан аймгийн Дархан Чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Сарьдаг уулын энгэрт оршино. Бух ян, Сонгино ян, Ян Сарьдаг чандмалсан 3 уулын дунд орших энэхүү хийдийг 1654 онд Халхын Өндөр Гэгээн Занабазар шарын шашны төв болгохоор байгуулжээ.


Хийдийг албан ёсоор 1680 онд барьж дуусгасан боловч тус хийд Монголын шашны төвийн үүргийг төдий л удаан гүйцэтгэж чадалгүй 1687 онд Халх-Ойрадын үймээнд өртсөн түүхтэй. Галдан бошигт Халхын нутгийн гүнд цөмрөн Хэрлэн гол, Хэнтий уул хүртэл давшихдаа Өндөр гэгээний байгуулсан уг хийдийг эвдлэн сүйтгэсэн байна.


Хийдийн туурин дээр багавтар сүм бий болгож XX зууны эхэн хүртэл хурал ном хурж байсан гэх аман яриа ч байдаг байна.



Гэрэл зургийг: Уртнасан Энхбаяр 2020 он

Түүхийн эх сурвалж: Төв аймгийн Музей

相关新闻