ХӨВСГӨЛ: Монгол бөхийн баярын үеэр монгол дээл, зодог шуудгийн үзүүлбэр үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 21 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган гол буюу гурван аваргын нутагт “Монгол бөхийн баяр” 7 дугаар сарын 23, 24-нд болно.
Энэ үеэр улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан, монгол дээл, зодог шуудгийн үзүүлбэр, их нас, азарга, соёолон насны морьдын уралдаан, үндэсний сурын харваа, өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах бөхийн барилдаан, бөхийн цол дуудаачийн уралдаан, бөх тайлбарлагчдын уралдаан болно.
Тус баяр нь бөхийн түүхэнд нэг голын гурван аварга гэж хүндлэгдсэн Уялган голын уугуул Монгол Улсын аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин нарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилготой юм.
Цагаан-Үүр сумын төвөөс зүүн тийш 30 км-ийн зайд Уялган гол байдаг.
Энэ голоос улс орон даяар нэр алдраа дуурсгасан Монголын гурван хүчит аварга Д.Дамдин, Х.Цэвээнравдан, Ч.Бээжин, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид, Д.Доржготов, улсын гарьд Д.Баяраа, улсын начин А.Батмөнх, Ц.Ванчинхоролоо, Ш.Ванчин, Д.Лхагва-Очир, Т.Бат-Эрдэнэ, А.Өлзийбаяр, Ц.Жадамбаа, Б.Баттогтох зэрэг аймгийн арслан, заан, начнууд төрсөн хүчтэний өлгий нутаг юм.
Иймээс тус баярыг Уялган голд
2023 онд анх зохион байгуулсан бөгөөд энэ жил 2 дахь удаагаа
зохион байгуулах гэж байна.