Сумдад цагаан идээ боловсруулах үйлдвэр барих нь малчид ядуурлаас гарах гарц
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММалчдын 48.8 хувь нь улсын дунджаас доогуур орлоготой буюу ядуу бүлэгт багтаж буйг өнөөдөр болсон ШУА-ын Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан О.Баасантогтох “Хөдөөгийн амьдралын хэв маяг: өөрчлөлт, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үеэр онцлов.
ШУА-ын Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбараас 2013-2016 онд Баян-Өлгий, Өвөрхайнгай зэрэг 5 аймгийн 600 гаруй малчдын амьдралын хэв маяг, өөрчлөлтөд судалгаа явуулсан байна. Уг судалгааны дүнг өнөөдөр “Хөдөөгийн амьдралын хэв маяг: өөрчлөлт, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцсэн юм.
1990 оноос хойш малчдын амьдралд ихээхэн өөрчлөлт бий болжээ. Үхэр тэргээр нүүдэллэдэг байсан бол одоо автомашин ашигладаг болж, мал хариулахдаа морь бус мотоцикль унаж, айл бүр хөргөгч, зурагт болон угаалгын машин, суурин утастай болсон. Ингэснээр малчид мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, орчин үетэй хөл нийлүүлэн алхах боломж бүрджээ. Гэвч 2000 онд Монгол Улсын хүн амын 40.9 хувь мал аж ахуй эрхэлж байсан бол 2015 онд 30.5 хувь нь буюу 285691 болж буурчээ. Энэ нь малчид хүүхдээ дээд боловсрол эзэмшүүлж, төв, суурин газарт амьдруулах сонирхолтой болсонтой холбоотой гэдгийг эрдэмтэд хэлж байлаа.
Түүнчлэн малчид сүү цагаан идээ, малын гаралтай түүхий эдээ борлуулахаас гадна дэлгүүр хоршоо ажиллуулах, газар тариалан эрхлэх зэргээр илүү орлого олох бүхий л нөөц боломжоо дайчилж байгаа ч ҮСХ-ноос гаргасан улсын хэмжээнд өрхийн дундаж орлого 937 мянга байна гэсэн үзүүлэлтэд хүрэхгүй байгаа юм. Хэдийгээр малын тоо толгой өсч байгаа ч сүү цагаан идээгээ эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаггүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ борлуулах зээлийн орчин бүрдээгүй зэргээс үүдэн орлого олж чадахгүй байна хэмээн О.Баасантогтох эрдэмтэн хэллээ.
Тэрбээр, “Төрөөс сум бүрт сүү, цагаан идээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр байгуулах талаар ярилцах болсон. Энэ үйлдвэрүүдийг шуурхай байгуулж, ашиглалтад оруулж чадвал малчдын орлого өснө. Мөн малын гаралтай түүхий эд буюу арьс шир, ноос ноолуураа борлуулах, тарьсан хүнсний ногоогоо борлуулах цэг байгуулах зэргээр дэмжих нь ядуурлаас гарах түлхүүр юм” хэмээв.
Охид, эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмшихээр нийслэлд ирээд эндээ суурьшдаг нь хөдөөд гэрлэлт буурах үндэс болж байгааг ШУА-ын Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ж.Пүрэвханд илтгэлдээ дурьдсан. Мөн залуу малчдын хүүхэд сургууль, цэцэрлэгт ороход эхнэр нь хамт сумын төв ордог, улмаар удаан хол байсны улмаас гэр бүл салах тохиолдол ч байдаг аж. Залуусыг мал маллахад сөргөөр нөлөөлж, хөдөө биш хот руу тэмүүлэхэд томоохон нөлөө үзүүлж байгааг хэллээ.
Дээрх асуудлуудаас үүдэн малчдын 20 гаруй хувь нь хот, суурин газар руу шилжин амьдрах хүсэлтэй байгааг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс төрөөс орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлж, малчдын ая тухтай амьдрах боломжийг хангах чиглэлд анхаарал хандуулах хэрэгтэй хэмээв.
Мөн төрийн зүгээс анхаарал хандуулах шаардлагатай байгаа томоохон асуудал бол малчдын эрүүл мэнд гэдгийг Нийгмийн Эрүүл мэндийн Хүрээлэнгээс танилцуулав.
Судалгаанд хамарсан малчдын 41.4 хувь нь 7 хоногт нэг удаа, 43.1 хувь нь 14 хоногт нэг удаа, 14.6 хувь нь сард нэг удаа усанд ордог ба үүнээс 91 хувь нь гэртээ ус халааж ордог байна. Малчдын 1.6 хувь нь тураалтай, 48.4 хувь нь хэвийн, 34.8 хувь нь илүүдэл жинтэй, 14.1 хувь нь нэгдүгээр зэргийн, 1.1 хувь нь хоёрдугаар зэргийн таргалалттай гарчээ. Үүнээс үүдэн нийт малчдын 31.3 хувь нь артерын даралт ихдэлттэй байжээ. Малчдын дунд шээс бэлгийн замын болон зүрх судасны тогтолцооны өвчлөл хамгийн өндөр байжээ. Тиймээс төрөөс малчдад эрүүл мэндийн үзлэгт хамруулах, анхан шатны мэдлэг олгох шаардлагатай байгаа юм.
Ч.Ариунболд