ТӨВ: Тоттори мужийн найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид Төв аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Япон Улсын Тоттори мужийн Найрамдлын нийгэмлэгийн 23 төлөөлөгч Төв аймагт ажиллаж байна.
Тус Найрамдлын нийгэмлэг нь Тоттори мужийн сайхан сэтгэлт иргэдийн дэмжлэгээр үйл ажиллагаа явуулж, Төв аймгийн хөдөө аж ахуй, боловсролын салбарт томоохон хувь нэмэр оруулж ирсэн юм.
Тухайлбал Найрамдлын нийгэмлэгийн дэмжлэгээр 2002 оноос эхлэн Төв аймгийн Хүүхдийн төлөө төвийн дэргэд япон хэлний дугуйлан хичээллэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 500 гаруй хүүхэд суралцаж, япон хэлний суурь мэдлэг эзэмшжээ.
2025 оны 7 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Япон орны 15 дахь удаагийн “Монгол Улс дахь Найрамдалт харилцааны жигүүр” үйл ажиллагаа болж байна.
Үйл ажиллагааны хүрээнд Япон орны хэл, соёлыг сурталчлах нээлттэй өдөрлөг, ХГБХХГ-ын дэргэдэх япон хэлний дугуйлангийн суралцагчдын дунд япон хэлээр "Миний мөрөөдөл" илтгэлийн уралдаан, нөхөрсөг спортын тоглолт, онигари хийх сургалт, хөдөө аж ахуйн паркийн үйл ажиллагаатай танилцах зэрэг төлөвлөгөөт ажлууд багтжээ.