Иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн 179 бүтээлд патент олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-07-23 12:56:58

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Шинэ бүтээл  болон  бүтээгдэхүүний  загварын патент авахаар эхний хагас жилд 311 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг  гаргасан байна. Энэ  нь  2024  оныхоос 45-аар  нэмэгдсэн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.


Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 179 бүтээлд патент олгосны 48 нь шинэ  бүтээлийнх,  131 нь  бүтээгдэхүүний загварынх  аж. Шинэ бүтээлийн  патент 2024  оныхоос 12-оор  цөөрч, бүтээгдэхүүний загварын патент 16-аар нэмэгджээ.


Олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд, 16 нь хими төмөрлөг, 12 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 10 нь технологийн төрөл бүрийн арга, барилга, уул  уурхай, 8 нь  механик, гэрэлтүүлэг, дулаан, шахуурга,  хөдөлгүүр, 5 нь физик, 1 нь цахилгаан, нэхмэлийн ангилалд хамаарч байна.


Монгол Улсын хэмжээнд барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2659 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 1071 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.


Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 2201 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь 2024 оныхоос 52-оор нэмэгджээ. Харин 637 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан аж.

相关新闻