Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136 @gmail.com
2025-07-24 12:47:34

Душанбе, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч Эмомали Рахмон Үндэсний ордондоо албан ёсоор угтан авлаа.


Үндэсний ордны урд талбайд хоёр улсын Төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөсний дараа хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл илэрхийллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар Төрийн хүндэт харуулын цэргүүд болон хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, дурсгалын зураг авхууллаа.

Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.

Душанбе хотын төвд байдаг Үндэсний ордонг тус улсын тусгаар тогтнол, Төв Азийн түүх, соёлын илэрхийлэл болсон архитекторын хосгүй шийдэлтэй гэж үздэг аж.


Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон.


Бүгд Найрамдах Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна.

Тус улс 10 гаруй сая хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн 17 орчим тэрбум ам.доллар. Өнгөт металл, усан цахилгаан станц, хөдөө аж ахуй, тээвэр, харилцаа холбоо, уул уурхай, хүнс, хөнгөн болон химийн үйлдвэр эдийн засагт нь голлох үүрэгтэй.

Эрдэс баялаг, хөвөн, анхдагч хөнгөн цагаан, эрчим хүч, жимс, хүнсний ногоо, хөвөн даавуун утас, цемент, арьс, шир экспортод гаргаж, хүнс, машин, тоног төхөөрөмж, барилгын материал, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг.

Тажикистан нь гол мөрөн, нуур, усны нөөц арвинтай. Төв Азийн усны нөөцийн 60 хувь нь эдгээр гол мөрөнд ноогддог бөгөөд цэнгэг усныхаа нөөцөөр дэлхийд наймдугаар байрт ордог юм.






相关新闻