ХОВД: Наймдугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-28 18:12:32

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Ховд аймагт наймдугаар сард цаг агаар ямар байх талаар урьдчилсан төлөв мэдээллийг танилцуулж байна. 


Наймдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь уулархаг нутгаар +8+12 градус, бусад нутгаар +12+20 градус дулаан байдаг.

Харин сарын нийлбэр хур тунадас нь олон жилийн дунджаар нутгийн өмнөд хэсэг буюу алтайн өвөр говиор 10-20 мм, бусад нутгаар 20-60 мм ордог.  


Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлж буй.


Тэгвэл цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх сард агаарын дундаж температур Ховд нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.  


Агаарын температур наймдугаар сарын нэгдүгээр арав хоног, гуравдугаар арав хоногийн дунд үеэс хойш ихэнх нутгаар олон жилийн дунджаас ялимгүй 0.5-1.5 градус хүйтэн байх бол хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн, хагас үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байх буюу зарим үед өдөртөө 30 градусыг давж халах төлөвтэй байна.   


Ирэх сард халалтаас шалтгаалсан гэнэтийн аадар бороо орох магадлалтай. Мөн Ховд нутгаар хуурайшилт нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэдийг гал түймрийн аюулаас сэргийлэхийн зэрэгцээ үер, ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээллийг ашиглахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.  




相关新闻