МЗХ оны шилдэг оюутныг ирэх сарын 2-нд зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-11-09 17:26:53

Монголын Залуучуудын холбоо дөрвөн жилийн хугацаанд завсарлаад байсан “Алма матер” ёслолын ажиллагааг сэргээж, 16 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Ёслолын арга хэмжээг 1996 оноос эхлэн их дээд сургууль, коллежид суралцагч залуусын дунд оны шилдэг оюутнуудыг шалгаруулах зорилгоор зохион байгуулж ирсэн. Энэ удаад эдийн засаг, нийгмийн ухаан, анагаах ухаан, техник технологи, урлаг спорт, боловсрол, хүмүүнлэгийн салбарт амжилттай суралцаж буй оюутнуудыг нэр дэвшүүлж, түүнээс 12 салбарын “Оны шилдэг оюутан”-ыг шалгаруулах аж. 

Нэр дэвшиж буй оюутан нь тухайн төрлийн шаардлагад нийцсэн сурлагын голчтой байх, Залуучуудын байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн ажлуудад санаачлагатай оролцож амжилт гаргасан байх, улсын болон олон улсын чанартай тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд оролцож үнэмлэхүй амжилт гаргасан байх зэрэг шаардлагыг хангасан байх юм.  

Оюутан залуучуудын нийгэм дэх байр суурийг нэмэгдүүлэх, ирээдүйн удирдагч, нийгмийн зүтгэлтэн, чадварлаг мэргэжилтэн төрөн гарахад дэмжлэг үзүүлэх, тэднийг олон нийтэд таниулах зорилготой “Алма матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын арга хэмжээний шилдгээр УИХ-ын гишүүн Н.Учрал болон А.Санжмятав, О.Баасандорж нар тодорч байжээ.

Ёслолын арга хэмжээ ирэх сарын 2-нд болж, шилдгүүдийг зарлана.

Б.Туул

相关新闻