СЭЛЭНГЭ: Авшиг ерөөл бэлэгдсэн даалин урлаж бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-10 11:34:20

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/.   “Хутаг хувилгаадын их өлгий Завхан нутгийг заяа түвшин зон олонтой, замын хүн саатмаар сайхан нутаг шүү” хэмээн ам дамжин шагшин магтдаг нь зүгээр ч нэг хэлэмж биш юм. Монгол түмнийг ивээн түшиж явдаг цаст цагаан их хайрхан, этүгэн тэнгэртэй нь ч холбоотой биз. Энэ сайхан нутагт төрж, өссөн нэгэн бүсгүй их нутгаа гэсэн сэтгэлээр ерөөл бэлэгдэн даалин урлажээ.

 

Даалингийн урласан түүх ихээхэн утга агуулгатай. Нэгэн түүх өгүүлэхэд дээхэн үед Завхан нутагт Шагж аварга, урт гарт М.Лхагва нарын хүчит бөхчүүд байжээ. Харамсалтай нь тухайн цаг үеийн байдлаас шалтгаалан ид мандан бадарч явсан сайхан үедээ хэлмэгдсэн гэдэг.

 

Монгол бөхөө хүндэтгэн дээдэлдэг, бөх ханьтай бүсгүй маань “яагаад одоог хүртэл манай нутгаас хүчит сайхан аварга, арслан төрөхгүй байгаа юм бол” гэж сэтгэлээ чилээн бодож явдаг байна.  

 

Ингээд Монгол түмний бахархал болсон авшигтай аваргыг баярлуулбал төрсөн нутгаас  минь том цолтон төрөх болов уу? гэсэн итгэл бэлэгшээл тээн даалингаа урлан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхөд төрсөн нутаг Увс аймгийнх нь түүхт 100 жилийн ойг тохиолдуулан бэлэглэжээ.

 

-Даалин урлаач бүсгүйг Ж.Гэрэлмаа гэдэг. Завхан аймгийн Тэлмэн суманд төрж өссөн. Одоо Сэлэнгэ аймгийн Сайхан суманд амьдарч, тус сумын ЕБ-ийн нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багшаар ажилладаг. 

 

Тэрээр:- “Би амьдралыг таньж мэдэх болсон цагаасаа аавтайгаа хамт Монголын радиогоор үндэсний бөхийн барилдааныг шимтэн сонсдог байлаа. Тэгээд барилдааны тайлбарыг сонсоод дэвтэртээ бичдэг байв. Хөдөөгийн малчин айлд, бөхөд хайртай гэр бүлийн охин болон төрсөндөө баярладаг.  Энэ нь монгол бөхөө хүндэлдэг, дээдэлдэг болоход нөлөөлсөн байх.  

 

Энэ жил  Увс аймгийн 100 жилийн ой тохиож байгаа. Домогт арван Баядын Их аварга Х.Баянмөнх улсын баяр наадамд арван удаа түрүүлсэн байдаг. Зөвхөн үндэсний бөхөөр биш, бусад олон төрлөөр тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан хүчтэн шүү дээ” хэмээв.    

 

Аугаа хүний алдар сууг алгын чинээ даалинд  багтаана гэдэг амаргүй. Гэхдээ л  аваргын бүхий л амжилтыг багтаахыг хичээж, даалингаа зүү ороон урлажээ.

 

Даалингийн голын дугуй хэсэгт Х.Баянмөнх аваргын нэрийг угалзан эвхмэлээр бичин, гурван давхар зүү ороожээ.  Нэрийнх нь дотор талд “Хорлоо” хэмээх овгийг нь оёж өгсөн байна. 

 

Харин дөрвөн өнцөгт нь  “Даяар дуурсагдах, далай, даян, дархан” гэх түүний цол чимгийг хатгаж, голд нь улсын баяр наадамд түрүүлсэн онууд,  нэг буланд нь “Чөлөөт бөхийн дэлхийн аварга”, ”Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор”, харин нөгөө буланд нь “Хагас зуун жилийн ганцаардал... Миний ялалт”, “Монгол бөхийн 725 мэх” зэрэг аваргын бичсэн номынх нь нэрийг хүртэл багтаажээ.  

 

Мөн хоёр талын эмжээр дээр нь “ХХ зууны манлай бөх”, “АИХ-ын депутат”, “ОХУ-ын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт” зэргийг оёж,  даалингийн амсар дээр нь “Хөдөлмөрийн баатар” цолыг нь мөн урласан байна.   

 

Ж.Гэрэлмаа монгол хэл, бичгийн багш учраас бүгдийг нь  монгол бичгээр бичиж, зүү ороож урласан нь улам нарийн гоёмсог болгожээ.  

 

Тэрэр сэтгэлээ шингээн урласан бүтээлээ аваргад гардуулан өгөхөд, аварга шууд л хөөргөө даалинд хийчихсэн гэнэ. Ийм даалин оёод өгнө гэдэг ямар их сэтгэл вэ хэмээн баярласан гэсэн.

 

Ж.Гэрэлмаа хэлэхдээ “Миний дотроо бодож явдаг зорилгын нэг биеллээ олсонд үнэхээр их баяртай байгаа. Би дээшээ харсан сав хоосон өгдөггүй гэдэг ардын ухаанаа бодож хуучны тавтын дэвсгэрт хийж өгсөн. Тэр мөнгөн дэвсгэрт дээр жанжин Д.Сүхбаатарын хөрөг байдаг шүү дээ.

 

Х.Баянмөнх аварга их жанжинтай нэг өдөр төрсөн юм билээ. Бүх зүйл бэлгэдлээр бүтдэг, зүгээр нэг учрал тавилан гэж байдаггүй. Хүнд зүгээр нэг даалин оёж өгөхгүй шүү дээ. Бүх юм судалгаа, шинжилгээтэй байх ёстой шүү хэмээн ярьсан юм.



相关新闻