Хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлэхийг Израилд уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 13 /NHK/. Дэлхийн 24 улсын Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг ямар ч хязгаарлалтгүйгээр нэвтрүүлэхийг Израилд уриалжээ.
Их Британи, Австрали,
Франц, Испани, Япон зэрэг орнуудын сайд нарын мягмар гарагт гаргасан
мэдэгдэлд Газын зурвас дахь хүмүүнлэгийн
хямрал төсөөлөхийн аргагүй ноцтой хэмжээнд хүрсэн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Сайд нарын зүгээс олон улсын төрийн бус байгууллагуудын тусламжийн бүх тээвэрлэлтэд зөвшөөрөл олгож, хүмүүнлэгийн ажилтнууд үйл ажиллагаагаа саатал тасалдалгүй явуулахад дэмжлэг үзүүлэхийг Израилд уриалжээ.
Израилын цэргийнхэн хүмүүнлэгийн тусламжийн нийлүүлэлтийг өргөжүүлэхийн тулд долоодугаар сарын сүүлчээр аюулгүй чиглэлүүдийг гаргаж өгсөн боловч хүнсний ноцтой хомсдол үргэлжилсээр байна.
Газын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр, мягмар гаргийн байдлаар 227 хүн, түүний дотор 103
хүүхэд хоол тэжээлийн дутагдлын улмаас нас баржээ.
Түүнчлэн орон
нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр, тусламж түгээх газруудын ойролцоо байсан 1800 гаруй
хүн Израилын цэргүүдэд буудуулан амиа алдсан байна. Ийм газруудад зэвсэг хэрэглэх ёсгүй гэдгийг дээрх мэдэгдэлд дурджээ.
Хамтарсан мэдэгдэлд
мөн Газын зурваст тусламжийг хуурай замаар саадгүй оруулахын тулд гал зогсоох шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна. Гэвч
Израилын тал Палестины нутаг
дэвсгэрт цэргийн ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тул хүмүүнлэгийн
байдал цаашид улам дордох төлөвтэй байна.