Иранаас албадан гаргасан афганчууд осолд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-20 13:29:39

КАБУЛ, 2025 оны наймдугаар сарын 20 /DW/. Мягмар гарагт Афганистаны баруун нутгийн Герат мужид автобус, мотоцикл, ачааны машин мөргөлдсөний улмаас аймшигт осол болж, 71 хүн, тэдний дотор 17 хүүхэд амиа алджээ.


Al Jazeera сувгийн мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн ихэнх нь автобусаар Кабул хот руу зорчиж явсан бөгөөд тэдний дотор Иранаас албадан гаргасан афганчууд олноороо явж байжээ.


Цагдаагийн газрын мэдээллээр, автобус эхлээд мотоциклтой, дараа нь шатахуун тээвэрлэгч машинтай мөргөлдсөний улмаас шатсан байна. Автобусны жолооч хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан болжээ.


НҮБ-ын мэдээлэлд дурдсанаар, зөвхөн 2025 оны эхний хагас жилд гэхэд дайн дажин, хүмүүнлэгийн хямралаас дайжсан 1,2 сая афганчууд Иран, Пакистанаас эх орондоо эргэн ирэхээс аргагүй байдалд оржээ. Саяхан Ираны Дотоод хэргийн сайд Э.Момени мэдэгдэхдээ, Афганистаны 800 мянга орчим иргэн 2026 оны гуравдугаар сараас өмнө Иранаас гарч явах ёстой гэлээ.


Энэ оны гуравдугаар сард Ираны засгийн газар хууль ёсны зөвшөөрөлгүйгээр тус улсад амьдарч буй афганчуудад хандан, долоодугаар сарын 6 гэхэд сайн дураараа Иранаас гарч явахыг шаардсан байна.  


Олон хүний аминд хүрсэн ослууд Афганистанд олонтоо гардаг бөгөөд энэ нь дайны улмаас замууд эвдэрсэн, хяналт сул, хурд хэтрүүлдэг зэрэгтэй холбоотой. 

相关新闻