2015-2016 оны байдлаар 5000 орчим адуу хилээр гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонгол Улсын Засгийн Газрын 2013 оны 173 дугаар тогтоолоор хөрш зэргэлдээх БНХАУ-руу нядалгааны зориулалтаар адуу экспортлох ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Тэгвэл Сүхбаатар аймгийн хэмжээнд 2015 он 2016 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар 5000 орчим адууг БНХАУ-руу экспортонд гаргажээ.
Ингэхдээ зөвхөн ААН-д зөвшөөрөл олгодог бөгөөд хувь хүмүүст ийм зөвшөөрөл олгогддоггүй юм байна. 5000 орчим адууг таван аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлийн дагуу гаргасан байна.
"Адуу экспортлох зөвшөөрлийг ХХААХҮЯ олгоно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үүрэг даалгаврын дагуу хилээр гаргадаг. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар бол ийм зөвшөөрөл олгох эрх байхгүй. Харин тухайн зөвшөөрлийн дагуу адуу нь заасан тоо толгойн хэмжээгээр гарч байна уу гэдэгт хяналт тавьж, мал эмнэлгийн гэрчилгээг олгох ажлыг л хийдэг" гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Сарантуяа хэллээ.
2016 оны 10 дугаар сараас хойш хоёр аж ахуйн нэгжид адуу экспортлох зөвшөөрлийг олгоод байгаа юм байна.
Т. Одончимэг