Японы ЛАН-ын шинэ даргыг тодруулах өрсөлдөөн эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-09 11:11:04

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 9 /Kyodo/. Японы эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ дараагийн даргын суудлын төлөөх өрсөлдөөн даваа гарагт эхэлж, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Санаэ Такаичи, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс сонгогдох магадлалтай нэр дэвшигчдийн тоонд багтаж байна.


2024 онд болсон намын даргын сонгуульд өрсөлдсөн зарим нэр дэвшигч, тухайлбал Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болохыг эрмэлзэж буй С.Такаичи, мөн Ё.Хаяши, Гадаад хэргийн сайд асан Тошимицү Мотэги, Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми нар энэ удаагийн өрсөлдөөнд оролцох төлөвтэй байна.


Ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэний дараа ЛАН-ын даргын сонгуулийг удахгүй товлох бөгөөд энгийн гишүүдэд санал өгөх боломж олгохоор зохицуулалт хийж байгаа ажээ.


1955 оноос хойш ерөнхийдөө тасралтгүй засгийн эрхийг барьж байгаа ЛАН-ын хүрээнд есдүгээр сарын 22-ноос сонгуулийн албан ёсны сурталчилгааг эхлүүлж, 10 дугаар сарын 4-нд санал хураалт, саналын хуудсыг тоолох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж намын өндөр албан тушаалтнууд даваа гарагт мэдэгджээ.


Мөн даваа гаргийн өдрийн өглөө Т.Мотэги удахгүй болох намын даргын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан анхны ЛАН-ын хууль тогтоогч болсон бол шинэчлэгч сэтгэлгээтэй улстөрч гэгддэг Ш.Коизүми нэр дэвших эсэхээ шийдээгүй байна.


Долоодугаар сарын 20-нд болсон Зөвлөхүүдийн танхимын сонгуульд эрх баригч эвсэл олонх болж чадаагүй тул албан тушаалаасаа огцорно гэдгээ Ш.Ишиба ням гарагт мэдэгдсэн юм. Тус эвсэл мөн Төлөөлөгчдийн танхимд цөөнх болжээ.


С.Такаичи бол 2022 онд сонгуулийн кампанит ажлын үеэр зэвсэглэсэн этгээдийн гарт амиа алдсан Ерөнхий сайд Шинзо Абэгийн үзэл бодлыг дэмждэг консерватив хууль тогтоогч юм. Тэрбээр өнгөрсөн жил Ш.Абэгийн ойрын улстөрчдөөс голчлон дэмжлэг авсан байна. Намын даргын сонгуульд өрсөлдөхийн тулд аливаа нэр дэвшигчийг ЛАН-ын 20-иос доошгүй хууль тогтоогч санал болгосон байх ёстой.


Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс “хатуу бөгөөд чадварлаг хэлэлцээ хийдэг хэмээн үнэлэгдсэн Т.Мотэги сэтгүүлчдэд хэлэхдээ, Засгийн газар болон намын олон талын туршлагатай хүний ​​хувьд бүх хүчээ дайчлахыг хүсэж байна гэжээ. ЛАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Харвардын их сургуульд боловсрол эзэмшсэн тэрбээр удахгүй хэвлэлийн бага хурал хийж, ЛАН-ыг парламент дахь цөөнхийн статусаас нь өөрчлөхөд хэрхэн туслах талаараа олон нийтэд тайлбарлана гэдгээ нэмж хэллээ.


Мөн Харвардад боловсрол эзэмшсэн Ё.Хаяши ЛАН-ын даргын суудлын төлөө өрсөлдөхөөр шийдсэн гэж түүний ойрын эх сурвалж мэдээлжээ. Харин Гадаад хэргийн сайд асан сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, өнгөрсөн жилийн сонгуулиас хойш “дэмжигчидтэйгээ ойр дотно ярилцах” бодолтой байгаагаа ярьсан байна.


Ерөнхий сайд асан Жүничиро Коизүмигийн хүү, цагаан будааны үнийн өсөлттэй тэмцэж буй гол хүн болох Ш.Коизүмигийн хувьд “нам доторх эв нэгдлийг бий болгохын төлөө юу хийж чадахаа сайтар тунгаан бодно гэж мэдэгджээ. Ш.Ишибаг огцрохыг Ш.Коизүми ятгасан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм.


Нэр хүндтэй улс төрчид өөрсдийн байр суурийг илэрхийлж буй энэ үед Ш.Ишиба сэтгүүлчдэд хэлэхдээ, Засгийн газрын гишүүд намын даргын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байгааг “ойлгомжтой хэрэг хэмээн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

 


相关新闻