ХОВД: "Халзан бүрэгтэй" ордтой холбоотой ерөнхий хяналтын сонсгол энэ сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-09 15:53:16

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй "Халзан бүрэгтэй" төслийн үйл ажиллагааг зарим иргэд эсэргүүцэж байгаа юм. 


Үүнтэй холбогдуулан шат шатны байгууллагууд хуралдаж, энэ сарын 23-нд "Халзан бүрэгтэй" ордтой холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ.   


Сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахлах бөгөөд өдгөө "Халзан бүрэгтэй" ууланд газрын ховор элемент олборлох төслийн судалгаа, холбогдох мэдээлэлтэй танилцаж байна.   


Энэ сарын 7-9-ний өдөр УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллалаа.


Тус ажлын багийнхан орон нутгийн удирдах ажилтан болон мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, "Халзан бүрэгтэй" төслийн хайгуулын төлөвлөгөө, байгаль орчны хяналтын чиглэлээр хийсэн ажил, зарим тулгамдсан асуудлын талаар мэдээлэл солилцлоо.


Мөн Мянгад сумын иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, төслийн талбайн орчин нөхцөлтэй танилцжээ. Уг ажлын үр дүн, холбогдох мэдээлэл, санал дүгнэлтийг нэгтгэж, энэ сарын 23-нд болох "Халзан бүрэгтэй" ордтой холбоотой ерөнхий хяналтын сонсголоор танилцуулахаар төлөвлөснийг Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.     

相关新闻